Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдоод буй О.Ганбат өмнө нь Шинэчлэлийн Засгийн газрын үед тус газрын даргаар ажиллаж байсан. Тэрбээр энэ газарт шинэчлэл хийж байгаа нэрээр хувийн хэвшлийн групп удирдаж байгаа мэт аашилж, гаалийн 1000 гаруй ажилчдын амьдралд сэв суулгасан гэх муу нэртэй тул түүнийг ямар шалтгаанаар буцаад томилогдож ирэв хэмээн гаальчид ярьж байгаа аж.
Түүнийг гаальд шургуулсан хүн нь Сангийн сайд асан Ч.Улаан гэж зарим эх сурвалжууд ярьж буй. Гаалийнхан байгууллагыг нь боомтын шинэчлэл нэрээр “самарсан” О.Ганбатыг даргаар томилогдсоныг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд тэд түүний бүх булхайг баримттайгаар дэлгэхээр болжээ.
Мөн гаальчид эхний ээлжинд үйлдвэрчний байгууллагадаа гомдол гаргасан бөгөөд тэмцэл эхлүүлэхээр болоод байгаа юм байна. Энэ эсэргүүцлээрээ АН боловсон хүчний бодлогогүйгээсээ болж ийм ядмаг хүмүүсийг төрийн өндөр дээд албанд томилж байгаа асуудлыг гаргаж тавих аж.