09.16

Ааш муутай аав байхаас муу аав гэж байдаггүй

Аавуудад хэлэх аминчхан үг байна аа. Та ажлаа тараад гэртээ орохдоо гэр бүлийнхнийгээ нэг ажиглаарай. Тэдний байдлаас та өөрийгөө сайн аав уу, үгүй юү гэдгээ төвөггүй мэдэж чадна Саяхан даа, сайн, муу аавыг хэрхэн ялгаж дүгнэх вэ хэмээн зурагтын нэвтрүүлэгт оролцож байгаа гэр бүл судлаачаас нэгэн охин асууж байна Гэр бүл судлаачийн хариулт их энгийн. Хэрвээ өрхийн тэргүүн гэртээ орж ирэхэд ээжийн нүүрэнд инээмсэглэл тодорч, хүүхдүүдийн дуу чангарч гэрт баяр баясгалан хамт орж ирвэл тэр сайн аав юм байна. Харин аавыг эзгүйд чөлөөтэй ярьж энгийн байсан хүмүүс ороод ирэхэд нь харц нь доошилж, дуугаа хурааж байвал тэр муу аав гэнэ. 

Мэдлэг мэргэжил, ажил албан тушаал, их мөнгө олдог, том машинтай энэ тэр нь сайн аавын үзүүлэлтэд огтхон ч “падлийгүй” ажээ. Гэр бүл судлаачийн дээрх аргаар аавууд өөрсдөдөө дүн тавих гэж оролдоод үзээрэй. Таны биед хүүхдүүд чинь чөлөөтэй хүрдэг, та гэрийнхээ үүдээр аз жаргал хамт авч ордог бол танд баяр хүргэе. Танайхан азтай юм. Харин муу аавын ангилалд орвол яах вэ. Санаа бүү зов. Энэ нь та үрдээ, ханьдаа хайргүй гэсэн үг биш. Ердөө таны ааш, араншин “муу” байгаа хэрэг. Тиймээс аашаа засч эхлээрэй гэсэн зөвлөгөөг гэр бүл судлаач өгч байна лээ. Зан ааш, буруу дадлаа бага багаар гээгээд ирэхээр үр дүнд нь хайр нэмэгддэг байна. Оролдоод үзээрэй. Аавын хайраас агуу зүйлийг хүн төрөлхтөн бүтээгээгүй байгаа шүү дээ. Муу хайр гэж байдаггүй, муухай зан таныг өөдгүй аав болгож харагдуулаад байгаа хэрэг.