Мэргэжлийн сүмогийн Аки башё Токио хотын “Кокугикан” ордонд эхлээд удаагүй байна. Башёгийн гурав дахь өдөр буюу өчигдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсноо зарлалаа. Энэ талаар Хакүхогийн багш Миягино “Аки башё эхлэхээс долоо хоногийн өмнө Ёкозүна зүүн хөлөндөө гэмтэл авсан ч барилдахыг хүссэн. Харамсалтай нь хүнд бэртэл учраас тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй боллоо” хэмээн мэдэгджээ. Ёкозүна М.Даваажаргал комүсүби Окиноүми, Ёшиказэ нарт өвдөг шороодоод байсан юм. Харин Ёкозүно Харүмафүжи Д.Бямбадорж есдүгээр сарын барилдаанд зодоглоогүй байсан юм. Ийнхүү Аки башёг Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нарын Монгол Ёкозүнууд гэмтлийн улмаас өнжлөө. Ёкозүна Какүрюү М.Ананд сүмочдоо тэргүүлэн барилдахаар болж байна.
С.Ням