Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган 4.6 жилийн хорих ял, төрд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хаслаа. Харин "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19 сая 200 мянган мөнгөөр торгох шийдвэрийг гаргасан юм.
Түүнчлэн н.Даваахүү, Б.Мөнгөнуяа нарын төрд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргав. Мөн Л.Гансүх нараас 2 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Багануур ХХК-д өгөх шийдвэрийг гаргалаа.
Шинэчлэлийн Засгийн газрын үед Ерөнхий сайдын санаачлагаар хэрэгжсэн "Нүүрс" хөтөлбөр ийнхүү олон хүнийг хөлдөө чирлээ. Н.Алтанхуяг ч гэрчийн мэдүүлэг өгөхдөө "Энэ ажлын би санаачлан удирдаж явуулсан. Тиймээс буруу зүйл байвал намайг буруутга" гэх зүйлийг ярьсан.
Гэтэл яагаад ганцхан Л.Гансүх буруутан болох гэж. 2012 оноос хойш байгуулагдсан Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар хоёр жилийн дотор ажиллахдаа "Цэвэр агаар сан"-гийн хэрэг, "Нүүрс" хөтөлбөр, Тавантолгойн зарим асуудал гээд шүүхийг байгууллагын хаалгыг татах олон хэрэг гарав. Мөн АТГ-т шалгагдаж байгаа Засгийн газартай холбоотой бусад хэргүүдийг яах вэ. Яагаад зөвхөн Л.Гансүхэд ял өгөв. Шийдвэр гарсан хүн нь биш хэрэгжүүлсэн хүмүүс нь яагаад буруутах болов.
Төсөл хөтөлбөр алдаа болсон бол хариуцлагыг нь удирдан зохион байгуулсан, санаачилсан хүн нь үүрэг ёстой бус уу. Магадгүй эдгээр хэргүүдийн цаана ямар нэгэн улс төрийн зорилго байна уу.