Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрын жүжигчин Г.Мишээл “Би гэдэг ард түмэн” эгоизм шүлгийн анхны түүврээ хэвлүүлжээ. Утга зохиол судлаач, зохиолч Пүрэвхүүгийн Батхуяг түүний шүлгүүдийг “Ганбатын Мишээл гэдэг залуугийн шүлгүүдэд буй “эрэл хайгуул” хийгээд “ургуулан бодох чадвар”-ыг онцолмоор санагдсан юм. Шүлгүүд нь “жижигхэн” байж мэдэх зүйлүүдээс хэний ч анзаарамгүй “том” зүйлийг бий болгоод ургуулан амилуулж байна. “Наймын тоо намар шиг харагдах” түүний шүлгүүд орчин цагийн хэмнэлд захирагдана. Хөгжмийн гарвал хэмнэл ихтэй. Сайн сайхан, гэрэл гэгээний мэдрэмжтэй” хэмээн тодорхойлжээ. Уг номын нээлт есдүгээр сарын 24-ний 17:00 цагт “Интерном” номын их дэлгүүрт болохоор товлогджээ.