09.23

Америк эмэгтэй тагнуулын хэргээр баривчлагдав

Америк эмэгтэй тагнуулын хэргээр баривчлагдаж, зургаан сар хоригдож байгаа ажээ. Тодруулбал, Санди Фан Гиллис гэгч эмэгтэй энэ удаа тагнуул хийж байсан гэх үндэслэлээр баривчлагдан хоригдож байгаа аж. Эдүгээ түүнийг суллуулахыг шаардсан вэб сайт хүртэл байгуулагдсан бөгөөд “Сандиг аврая” буюу  “savesandy.org” сайт энэ мэдээллийг хүргэлээ. 

Тус вэб сайтад бичигдсэнээр Фан Гиллис бүсгүй өнгөрөгч гуравдугаар сард Хятадын Үндэсний аюулгүй байдлын албаныханд баривчлагдаж, “тагнуул хийж, үндэсний нууц мэдээллийг задруулсан” гэх үндэслэлээр баривчлагджээ.

АНУ-ын Техас мужийн Хюстоны Олон улсын худалдааны байгууллагын гишүүн тэрбээр Хюстон дахь худалдааны төлөөлөгчийн байгуулагын гишүүн болж, Хятадад очсон байна. Улмаар очсоныхоо дараахан тусгай захиргааны бүс болох Макао руу нэвтрэх гэж байхад нь түүнийг баривчилжээ.

Нийт таван хүний бүрэлдэхүүнтэй худалдааны төлөөлөгчийн байгууллага Бээжин, Гуанзоу, Шэньчжэнь зэрэг Хятадын бусад хотуудад ажиллаж байгаа ч, зөвхөн Фан Гиллис гэгч эмэгтэйг л баривчилсан гэнэ. 

Дээр нэрийг нь дурьдсан вэб сайтад эмэгтэйн нөхрийнх нь ярилцлага хүртэл нийтлэгдсэн байх бөгөөд нөхөр нь “Санди тагнуулч ч, хулгайч ч биш” хэмээн яриандаа онцолсон байгаа юм.  Мөн ямар нэг мэдээллийг интернэтэд тарааж, дэлгэсэн баримт сэлт эдүгээг хүртэл байхгүй боловч чухам ямар учраас баривчилсан нь учир битүүлэг байгаа аж.

Б.Даваа