09.23

Чингисийг нууцаар тодруулсан уу

Өөрийгөө мөнх тэнгэрийн оньс хэмээн нэрийдсэн И.Мөнхсаруул гэгч эмэгтэй өнгөрсөн зургаадугаар сард Чингис хаан тодруулах сүр дуулиантайхан ёслолыг төв цэнгэлдэх хүрээлэнд хийснийг уншигч та санаж байгаа байх. Гэвч тухайн үед өнөө Чингис хаан нь тодроогүй. Үүнийг эрхэм Мөнх тэнгэрийн оньс маань "эзэн хаан таалан буусангүй" хэмээн тайлбарлаж, энэ сарын 22-нд Чингис хаанаа тодруулахаар болсон. 

Тэгвэл тэрээр өчигдөр сүр дуулиантай эхэлсэн үйлээ нам гүмхэн хийсэн сурагтай. Магадгүй өөрийгөө Чингис хаан хэмээн өргөмжүүлэх эрхэм нь олны хэл амнаас айж, тойрон хүрээлэгчиддээ далд тахигдахаар шийдсэн ч байж болох юм. Ямар ч байсан Чингис тодруулах ёслол болж, ёслолд түүний дайчин цагаан Дарь эхүүд, эрдэмт мэргэн бурхад, эрч хүчтэй, ариун дагшин хутагт найман гэгээнтэн, Тэмүүжинд өгөх төгс таван хатан нь оролцсон гэнэ. Харин Чингис тодорсон эсэх нь тодорхойгүй, тодорсон бол ямар хүн Чингисээр тодорсон нь нууц хэвээр үлдэж байна. Хэн хэн дарь эх болсон Тэмүүжинд өгөх төгс таван хатан нь хэн бэ гэдгээ бас л нууж байгаа аж.