Улс төрийн тохироогоор яаран сандран батлуулсан Өршөөлийн тухай хууль намрын чуулган хүртэл гацалтын байдалд оржээ. Хуулийн гол хоёр заалтад Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ-аас дэмжихээр болсон юм. Харин хоригт ороогүй хэсгүүдийг мөрдөж эхлэхээр болсон бөгөөд эхний ээлжинд жолооны эрхээ хасуулсан жолооч нарыг өршөөлд хамруулж, машин жолоодох эрхийг нь сунгаж өгч байгаа ч өөр хэрэгжилтүүд нам зогссон байдалтай байгаа юм.
Түүнээс гадна эл хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Дээд шүүх үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандчихаад байгаа ажээ. Учир нь, Өршөөлийн хуулийн хоригт ороогүй заалтуудыг мөрдөж эхлэхтэй холбогдуулан Дээд шүүхийн Эрүүгийн танхимаас хуралдаж, Үндсэн хуулийн цэцээс шийдвэр гартал аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Дээд шүүхийн шатанд Өршөөлийн тухай хуулийг хэрэглэхээс түр түдгэлзүүлсэн байгаа ажээ.
Учир нь, онц хүнд гэмт хэргүүд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа хэрнээ хүндэвтэр гэмт хэргүүдэд жигд үйлчлэхээргүй хуульчилсан нь хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөж байна гэж үзжээ.