Нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нарны замыг XIX хорооллын арын замтай холбох 1.5 километр автозам, төмөр бетон хоёр гүүр болон төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хийж эхэлсэн. Барилга угсралтын ажил дуусах шатандаа орж, удахгүй ашиглалтад авна гэсэн мэдээллийн дагуу тус замын гүйцэтгэлийн ажилтай танилцсан юм. Биднийг очиход Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талын төмөр замын доогуурх нүхэн гарц болон төмөр бетон нэг гүүрийн барилга угсралтын ажил бүрэн дууссан байв. Харин нүхэн гарцын доторх заслын ажлыг хийж байсан юм. Тус нүхэн гарц нь хоёр урсгал замтай бөгөөд урагшаа Энхтайваны гүүрний доорх “Хурд ХХК” “Apartment KH” хорооллын арын зам болон хойшоо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн уулзвар руу гарах юм. Мөн баруун тийш Нарны гүүртэй холбогдоно. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар замын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд нийт 4.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч компани нь “Оч-Наран” ХХК бол туслан гүйцэтгэгч компани нь “Туулын гүүр далай” болон “Тэргүүн саруул зам” ХХК юм.
Гүүр болон нүхэн гарц хэзээ бүрэн ашиглалтад орох талаар Авто замын газрын хяналтын инженер А.Болормаагаас тодрууллаа.
Тэрбээр “Энхтайвны гүүрний замын ачааллыг бууруулах зорилгоор төмөр бетон хоёр гүүр болон 22 метр урт нүхэн гарцын ажлыг хийж гүйцэтгэсэн. Нарны замаас XIX хорооллын арын зам хүртэлх 1.5 км замын ажил 90 хувьтай байгаа бол 48.6 метр урт дам нуруутай төмөр бетон гүүрийн ажил бүрэн дууссан. Мөн төмөр зам доогуурх 22 метр урт нүхэн гарцын ажил бүрэн дуусаад байна. Харин 9.58 метр урт хавтан дам нуруутай жижиг гүүрийн барилгын ажил 90 хувьтай байна. Одоогийн байдлаар тэмдэг тэмдэглэгээ, цэвэрлэгээний ажлыг хийж байгаа. Үүний дараа Замын хөдөлгөөн зохицуулалтын газраас ирж тэмдэг тэмдэглэгээний ажлыг шалгана. Дээрх ажлууд дуусвал Хүүхдийн паркийн урд талын замаас XIX хороолол хүртэлх замыг нээхэд бэлэн болоод байна. Тус замыг энэ долоо хоногт багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Харин жижиг гүүртэй холбох ажлыг ирэх сарын 15-ны дотор дуусгахаар зорьж байна. Гэрээний хугацаа аравдугаар сарын 30-нд дуусах боловч хугацаанаас нь өмнө бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа” гэв.
Шинэ зам ашиглалтад орсноор Энхтайваны гүүр болон Нарны гүүрний замын ачаалал 30 хүртэлх хувиар буурах боломжтой аж. Энхтайваны гүүрэн доогуур тавих туслах зам нь хоёр эгнээ юм. Ингэснээр Нарны гүүрийг давалгүй паркийн урд уулзвар хүртэл явж, харин нүхэн гарцаар жижиг тэрэг буюу 2.3 метрээс доош өндөртэй тээврийн хэрэгсэл зорчих боломжтой ажээ.