Аав ээждээ ч юм уу өвөө эмээ дээ хөтлүүлээд цүнх-тэй номоо дааж ядан явах бяцхан хүүхдүүдийг бид өхөөрдөөд л өнгөрдөг. Гэтэл сурагчийн цүнхний хүнд нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байвал зохистой гэж мэргэжлийн байгууллагууд үздэг юм байна. Манай улсын судлаачдын тогтоосноор зургаан настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, харин охидынх 18.8 кг байдаг гэнэ. Энэ тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Монгол-Оросын хамтарсан III сургууль дээр зохион байгуулсан сургалт семинарын үеэр ярьсан юм. Нэгдүгээр ангийнхныг бодвол бас ч биеэ дааж эхэлж буй зээ хүү маань нүдэнд харагдах шиг болов. Том улаан үүргэвчдээ түүртсэн “амьтан” хацар нь улайж, хамаг хөлс нь гарчихсан ирдэг юм. Тэгсэн чинь миний зээгийн үеийнхэн /биеийн жин нь ойролцоогоор 25-35 кг-д багтах байх/ 4.5 кг-аас дээшгүй жинтэй цүнх үүрэх стандарттай байдаг юм байна. Ер нь хүүхдэдээ аль болох цүнхийг нь хөнгөлж өгч байх ёстой гэнэ. Үүний тулд тухайн өдөр орох хичээлийн сурах бичиг, дэвтэр, үзэг бал зэргээс өөр илүү юм “тээвэрлүүлэх” хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байлаа.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын өсвөр үе, хүүхдийн эрүүл ахуй хариуцсан улсын байцаагч Ц.Отгонборын мэдээлснээр, бага ангийнхан 2-5 кг жинтэй цүнх үүрч явах нь элбэг тохиолддог гэнэ. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлтөд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй хүнд “ачаа”-тай, хугарч нугардаггүй, нордоггүй, бөх бат материалаар хийсэн өнгө үзэмжтэй цүнхтэй байх нь хүүхдийн суралцах идэвхид ч сайн нөлөөтэй байдаг гэж сургалт семинарт оролцож байгаа багш нар ярьж байсан юм.
Түүнээс гадна сурагчийн ширээ сандал хүүхдэд тохирсон, стандартын байх нь эрүүл ахуй талаасаа ч мөн хүүхдэд аятай таатай байх үүднээс ч чухал нөхцөл болдог байна. Энэ талаар мэргэжлийн хүн хэлэхдээ, “Бага ангийнханд заавал стандартын ширээ сандал шаардлагатай. Харин дунд, ахлах ангийн сурагчдыг стандартын дагуу ширээ сандлаар хангах боломжгүй болохоор сургууль бүр өөрийнхөөрөө л шийдэж байна” гэж байлаа. Хүүхдийг бага ангиас нь зөв суулгаж сургахгүй бол биеийн галбир нь алдагдахаас гадна уушги, зүрхний ажиллагаа доголдож, нүдний хараа муудахын дээр амархан ядардаг байна. Энэ нь зөвхөн сургуулийн анги танхимд төдийгүй гэр орондоо хичээл номоо давтахаар ширээнд суух бүрт нь хүүхдэд хэвшүүлэх зүйлийн нэг гэж багш нар зөвлөж байв.
Толгойгоо ширээ рүү бага зэрэг тонгойлгож, хүзүүгээ багахан хотойнгоо сандлын түшлэгээ бүрэн налсан байх нь зөв суулт юм байна.
Сургуулийн бага ангийнхныг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулснаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа. Гэтэл сүүлийн үед нийслэл, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид хоолондоо хордсон явдал нэг бус удаа гарсан. Сургалт семинарын үеэр энэ талаар нэлээд ярьцгааж, зарим сургууль “Үдийн цай” хөтөлбөрийнхөө хоол, хүнсний бүтээгдэхүүний дээжээс дэлгэн үзүүлсэн юм. Энэ хичээлийн жилээс нийслэлийн Өмчийн харилцааны газраас сургуулийн удирдлага болон “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн нь үр дүнтэй болно гэж найдаж байгаагаа мэргэжлийн хяналтынхан хэлж бай лаа. Тэд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нэг л удаагийн зөрчил гаргахад тендерийг нь буцааж, эрхийг нь цуцлах хатуу болзол шаардлага тавьж байгаа юм байна. Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн сурагчдад “Үдийн цай” хөтөлбөрийг хүргэж буй “Цэгц” компанийн ахлах тогооч Х.Цэндсүрэн туслахуудын хамт хоол хүнсээ үзэсгэлэнд дэлгэж байхад нь ярилцлаа.
-Та бүхэн өдөрт хэчнээн хүүхдэд үйлчилж байна вэ?
-Өдөртөө хоёр ээлжийн 850-860 хүүхдэд “Үдийн цай” хөтөлбөрийг хүргэж байна.
-Хоолны нэр төрөл, чанар нь ямар байдаг юм бол?
-Аль болох олон нэр төрлийн хоол хүнсээр үйлчлэхийг хичээдэг. Одоогийн байдлаар 4-5 төрлийн цагаан хоол, 6-7 янзын шөлтэй хоол мөн төдий тооны хоёрдугаар хоолыг ээлжлэн хийж байгаа. Хонины мах болон үхэр, адууны булчин махыг хоолондоо хэрэглэдэг.
Монгол-Оросын хамтарсан III сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа “ЦИНХБ” компанийн хоол, хүнсний дээжийг сонирхлоо. Европ зүгийн хоол, орос маягийн гурилан бүтээгдэхүүнээр тэднийх бусад сургуулиас ялгарч байсан юм. Тус компанийн захирал Ц.Цэгмид бага ангийн болон өдөр өнжүүлэх бүлгийн 2100 орчим хүүхдэд “Үдийн цай”-гаа хүргэхээс гадна сургуулийн багш, ажилчид, дунд ахлах ангийн сурагчдад үйлчилдэг тухайгаа ярилаа. Нэг сурагч өдрийн хоолноос 340 ккалори илчлэг авах ёстой байдаг бол эднийхэн өнгөрсөн жил 670 ккалори илчлэгтэй хоолоор хүүхдүүдэд үйлчилсэн байна. Сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй компаниудын төлөөлөлтэй уулзаж байхад нэг хүүхдэд төрөөс өгдөг зардал нь дэндүү бага байгааг шүүмжилж байсан. Үнэндээ нийтийн хоолны газрын хийцтэй цайны үнэ буюу 600 төгрөгөөр нэг хүүхдийг хооллоно гэдэг хэцүү л байх. Түүний хажуугаар ахлах, дунд ангийн хүүхдүүд, багш ажилчдад хоол цай, нарийн боов зэрэг бүтээгдэхүүнээр үйлчилдэг тулдаа л болж байдаг гэсэн юм.
“Хүүхдийн төлөө бидний тус” хэмээх нэртэй дээрх арга хэмжээг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас бүх дүүрэгт зохион байгуулж байгаа юм билээ. Үүнд эцэг эхийг оролцуулбал багагүй мэдээлэл олж авч, мэдлэгээ нэмж болмоор санагдсан.
Д.Мөнхжаргал