“Сүнс”, “Камертон”, “Номинталст”, “Салхи”, “Guyss” хамтлагийн хамтарсан “Мартагдашгүй” тоглолтыг ирэх сарын9-нд зохион байгуулахаар болжээ. Тоглолтыг санаачлагч “Номинталст” хамтлагийн дуучин ярилцлаа.
-Монголын анхны“Boy band”-уудын хамтарсан тоглолтыг анх удаа зохион байгуулж байна. Тоглолтын санаа хэзээ төрсөн бэ?
-“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ бид хоёр хамтарсан тоглолт зохион байгуулъя гэж олон жилийн өмнөөс ярьсан. Тэгээд “Сүнс”, “Салхи” хамтлагийнхантай ярилцаж, 1990-ээд оноос урлагийн тогоонд “чанагдаж” эхэлсэн хөвгүүдийн анхны хамтлагийг нэгтгэсэн тоглолт хийе гэж шийдлээ. Бидний мөрөөдөл энэ жилийн аравдугаар сарын 9-нд биелэх хувьтай байжээ. Бид 18, 20 настай хөвгүүн байхдаа урлагт хөл тавьсан бол одоо дөч хүрч яваа эрчүүд болжээ. Ер нь “Дөрөө дарсан ат” гэдэг шиг дөч хүрэхээр эх орныхоо хөгжилд өөрийн эрхгүй санаа зовниж “би юу хийх вэ” гэж боддог юм байна. Манай үеийн хамтлагууд нэгдсэн тоглолтоороо урлагийнхан гэлтгүй бусад салбарын албан байгууллагууд эвлэлдэн нийлж, Монгол Улсаа хамтдаа хөгжүүлэхийг уриалж байгаа юм.
-“Номинталст” хамтлагийнхан ямар дуугаа тоглолтын үеэр дуулах вэ?
-Хамтарсан тоглолт хийхийн нэг зовлон нь дуугаа сонгох байдаг. “Камертон” хамтлаг“18 нас” дуугаа дуулна гэсэн. Бид ч бас үе үеийн хит дуунаасаа шигшиж, нэрийн хуудас болсон дуугаа дуулна. Бусад хамтлагийнхандаа“Номинталст хамтлагийнхан бут авах гээд шаргуу бэлтгэл хийж байгаа шүү” гэж найрсгаар хэлье.
-Таван хамтлаг хамтарсан гэхээр тоглолтын зохиомж их өвөрмөц болох байх даа?
-Энэ тоглолт1990-ээс өнөө үеийг хүртэлх Монголын поп урлагийн түүхийг өгүүлнэ. Тухайлбал, 1991 он “Сүнс” хамтлагийн тэр дуу гэх зэргээр өнөө үеийг хүртэлх шилдэг дуунуудыг хоёр цаг 30 минутад багтаан дуулна. Тоглолтын зохиомжийг С.Ононбат, Л.Тайванбат ах нар гаргасан. Бид сурталчилгаа, тасалбарын зураг авалт гээд бүх зүйлээ өвөрмөц шийдэлтэй хийж байна.
-Тоглолтын тасалбараа хэдэн төгрөгөөр үнэлсэн бэ?
-Тасалбар 40, 80 мянга гэсэн хоёр төрөлтэй. Нэг зүйлийг залруулахад, тоглолтын орлогыг манай эхнэрийн эмчилгээний зардалд хандивлах гэж байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Энэ худлаа шүү.
-Уучлаарай нэгэн зүйлийг тодруулахад “Фрийзон”, “Найм дахь гариг” хамтлаг тоглолтод яагаад оролцоогүй юм бэ?
-Энэ тоглолтод багтаагүй хамтлагуудаасаа чин сэтгэлээсээ уучлал гуйя. “Фрийзон” хамтлагийн Бэки АНУ-ыг зорьсон учраас бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулах боломжгүй байсан юм. Тоглолтод манай хамтлагаас бусад нь бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Манай хамтлагийн Т.Хангэрэл төрийн албанд хүчин зүтгэж буй учраас оролцох боломжгүй болсон. Магадгүй дүү нар маань ах нараасаа үлгэрлээд хамтарсан тоглолт хийвэл баярлана.
Х.Эрдэнэзаяа