Орон нутагт хууль бусаар алт олборлох зөрчил сүүлийн үед нэлээд ихэссэн байна. Энэ талаар орон нутгийн цагдаагийн байгууллага анхаарал хандуулан ажиллаж байгаа ч нинжа гэх гар аргаар алт олборлогчид хулгайгаар тойрон явсаар дахиж алт ухах газраа ирэх зэргээр асуудал үүсгэж байгаа юм.
Саяхан Ноён ууланд нинжа нар бүгж алттай газрыг ухаж байгаа, нутгийн цагдаа, уг талбайд зөвшөөрөл явуулах эрх бүхий компанийн хамгаалалтын ажилтнуудтай зөрчилдөж улмар нэг залуу шороонд дарагдаж байсан.
Сэлэнгэ аймгийн нинжа нарын үйлдэл хэрээс хэтэрч байгаа учраас зохих байгууллагууд анхааралдаа авч хууль бусаар алт олборлогчдыг зогсоож эхэлжээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Хүдэр, Ерөө сумдад зохих зөвшөөрөлгүй гар аргаар алт олборлож байсан долоон нөхөрлөл, иргэдийн үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран Цэнхэр сумын Орхон багт шалгалт хийж биологийн нөхөн сэргээлт хийсэн газарт дахин алт олборлож байсан хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна.
Б.Тогтох