09.28

Цагдаагийн алба хаагчид мөөгөнцөртсөн байшинд ажиллаж байна

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын цагдаагийн алба хаагчид болон ОБГ-ын бие бүрэлдэхүүн шүүрэн шанага шиг болсон дээвэртэй, мөөгөнцөртсөн барилгад ажиллаж байна.  

Бор-Өндөр сум нь 1981 онд Хэрлэн хороо гэж байгуулагдаж байжээ. Харин УИХ-ын 2012 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Бор-Өндөр сум болон өөрчлөгдөж 2012 оны 12-р сараас эхлэн сумын бүтэц зохион байгуулалтад орж байв. 

“Хэрлэн” хороо байгуулагдахтай зэрэгцэн ОБГ-ын гал унтраах 49 дүгээр анги болон цагдаагийн газрын байрлаж буй гурван давхар барилга ашиглалтад орсон гэнэ. Анх тус сум 3000 иргэнтэй байсан бол эдүгээ 10 мянган хүн амтай. 

Гэвч  10 гаруй мянган иргэдийнхээ аюулгүй, тайван байдлын хариуцан ажилладаг хүчний байгууллагынхан бороо орсон үед хөлийн шагайгаа хүртэл тогтсон усанд ажилладаг аж. Ус орсоны улмаас барилгын шал, тааз нь мөөгөнцөртөж, ховхор ч унасан ийм байдалд тэд ажиллаж байна.

 Сумын удирдлагуудын хэлж буйгаар тус барилга сүүлийн 30 жилийн хугацаанд их засварт нэг ч удаагүй ороогүй гэнэ.  Дээврийн засварын төсөв 40 сая төгрөг  хэдий ч, гурван жил шийдэгдэхгүй өдийг хүрчээ. 

Б.Даваа