09.28

“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл I боть” бүтээлийн нээлт боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл I боть” бүтээлийн нээлт боллоо. Энэхүү нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгчид Шүүхийн сонгомол шийдвэр шалгаруулах ажлын хэсгийнхэн, номонд шийдвэр нь орсон шүүгч нар болон хууль зүйн сургуулиудын төлөөлөл эрдэмтэн багш, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны үндсэн нэгжийн дарга, ажилтнууд оролцсон юм. Мөн урилгаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын Дээд шүүх, Тахарын ерөнхий газрын төлөөлөл тус тус оролцлоо. 
Эрх зүй өндөр хөгжсөн улс орнуудад шүүхийн шийдвэр иргэд хоорондын маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр байхаас гадна хууль зүйн судалгаа шинжилгээний өргөн цар хүрээтэй обьект болж, шүүхийн шийдвэр гарсан даруйд судлаачид дүн шинжилгээ хийдэг туршлага бий. 
Шүүхийн шийдвэрийг хэвлэн нийтэлж байсан өмнөх туршлага дээр тулгуурлаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл I боть” бүтээлийг хэвлэн гаргалаа. Уг эмхэтгэлд бүх шатны шүүхээс нийт 390 гаруй шийдвэрт мэргэшсэн эрдэмтэд, судлаачид тодорхой шалгуурын дагуу үнэлгээ хийж, нийт 77 шийдвэрийг нь шалгаруулан оруулжээ. 
Шүүхийн сонгомол шийдвэр шалгаруулах ажлын хэсэгт Улсын дээд шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр, МУИС-ийн ХЗС-ийн багш Ж.Эрдэнэбулган, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ж.Оюунтунгалаг, МУИС-ийн ХЗС-ийн багш Б.Буянхишиг, Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа, МУИС-ийн ХЗС-ийн багш, хууль зүйн ухааны доктор Г.Банзрагч нар оролцжээ. Үнэлгээний дүнг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач хуульч Л.Галбаатар эмхэтгэсэн бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн номын сан, мэдээлэл хариуцсан ахлах референт С.Билгүүн нар хянан тохиолдуулсан байна. 
Номын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Энэ бол Монголын шүүхийн амьдралд болж байгаа түүхэн үйл явдал. Шүүх эрх мэдэл нь өөрийн шийдвэрийг батлан хадгалж, улираан судлуулж, үе үеийн шүүгч, хуульчдаа тэр шийдвэрээрээ хүмүүжүүлж, сургаж, үлгэр дуурайлал болох нь соёлт хүн төрөлхтний түүхэнд байдаг нийтлэг үзэгдэл. Монголын шүүхийн амьдралд хожуухан боловч орж ирж байна. Энэ бол бидний хийх ёстой ажил юм гэж харж байгаа. Энэ сонгомол шийдвэрт орсон 77 шийдвэр бол бүх шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс 390 гаруй шийдвэрээс сонгогдож, шигшигдэж гарсан учраас нэлээн өндөр түвшинд хэд хэдэн шалгуураар ажлын хэсгийнхэн шалгаруулсан байгаа. Эрх зүйн анализ хийж байгаа чадварыг болон шүүгч хуулийг тайлбарлан хэрэглэж байгааг гол шалгуур болгосныг бас онцолж байна. Түүнээс гадна шүүхийн шийдвэр тусгай техниктэй байдаг. Энэ техникийг хэр хангасныг бас шалгуур болголоо. Энэхүү эмхэтгэл нь Үндэсний эрх зүйг хөгжүүлэхэд түүхэн ач холбогдолтой. Аливаа улсын үндэсний эрх зүй бол шүүхийн шийдвэрээр хөгжиж байдаг. Хоёрдугаарт манай шүүхийн шийдвэр эрдэмтдийн судалгааны эргэлтэд орох бололцоотой. Сонгомол шийдвэрээ Шүүхийн ерөнхий зөвлөл гаргалаа. Энэ сонгомол гэж байгаа шийдвэрт нь дүн шинжилгээ хийнээ гэж манай эрдэмтэд үзгээ барьж үүнд хандах учиртай. Дэлхийн улс орнуудад нэг дуулиантай шийдвэр гарахад их сургуулийн профессорууд нь тэрийг тал бүрээс нь шүүн хэлэлцээд ололттой сайн талыг нь төдийгүй анхаарууштай зүйлийг нь олон нийтэд хүргэж байдаг. Тиймээс Монголын шүүхийн шийдвэр судалгааны эргэлтэд орох түүхэн бололцоо бүрдлээ. Гуравдугаарт бид шүүхийг олон нийтийн хяналтад оруулж байгаа юм. Ер нь шүүхийн бие даасан хараат бус байдлыг хэдхэн байгууллагын хүчээр хангаж, хамгаалдаг ертөнц дэлхийд байхгүй. Хамгийн найдвартай хамгаалагч нь олон нийт байдаг учраас шийдвэрээ олон нийтэд хүргэж байгаа нь шүүхийг олон нийтийн хяналтад оруулж байгаа юм. Дөрөвдүгээрт эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудад нэг бэрхшээлтэй асуудал байдаг нь яг ижилхэн үйл явц янз бүрээр шийдэгдэх тохиолдол гардаг. Үүнийг яаж жигдрүүлдэг вэ гэхээр шийдвэрээ ил болгож, шүүхийн хууль хэрэглээний практикийг нэвтрүүлдэг. Ийм хэд хэдэн чухал ач холбогдолтой учраас бид шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэлийг жил бүр гаргаж, та бүхний гар дээр тавьж байх ёстой юм. Дэлхийн хуулийн их сургуулиудын эрдмийн өргөөнд шүүхийн шийдвэрүүд хөглөрч байдаг. Хойч үеийн хуульч, ирээдүйн шүүгчид тэндээс суралцаж, хуулийг шүүгч ингэж мэргэн тайлбарладаг юм гэдгийг суралцаж, биеэ бэлтгэж байдаг. Хууль хэрэглээний сод жишээг, гайхамшгийг их сургуулийн эрдмийн танхимд шүүхийн шийдвэр ингэж харуулдаг. Энэ утгаараа чухал ач холбогдолтой юм. Тийм учраас амьд эрх зүй гэж бодит агуулга байдаг бол энэ шүүхийн шийдвэрийг жинхэнэ амьд эрх зүй гэж хэлмээр байгаа юм. Тийм учраас шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл, шүүхийн шинэтгэлийн үр дүн, цагийн аяс, хөгжлийн эрхээр улам чанаржиж, сонгомолоос сонгомол болж, улмаар сонгодог шинж чанартай болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Энэхүү эмхэтгэлийг хийхэд гар бие оролцож, сонгон шалгаруулсан, өөрсдийн шийдвэрээ ирүүлж, сонгон шалгарсан нийт шүүгчид, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтдэд МУ-ын Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэв.