10.01

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хамтарсан зөвлөгөөн хийлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтнуудын хамтарсан зөвлөгөөнийг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд дүүргийн прокурорын орлогч Ш.Одонсүрэн, туслах прокурор Н.Ганбат, хяналтын прокурорууд болон Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дугарсүрэн, Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганболд, Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар нар оролцлоо. 

Хамтарсан зөвлөгөөнөөр Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/88 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-аар сургалт зохион байгуулан, мэдээлэл хийж ажилласны зэрэгцээ 2015 оны 10 дугаар сард шийдвэрлэх хэргийн график, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас эрүүгийн хэргийг шалгах явцад гаргаж байгаа зөрчил, хугацаа сунган шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, хэд хэдэн асуудлаар ажил хийж биелэлтийг эргэж тооцохоор шийдвэрлэв.