10.02

17 жил илрээгүй аллага

Ардчиллын анхдагчдын нэг С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт хөнөөгдсөнөөс хойш даруй 17 жил өнгөрчээ. Энэ 17 жилийн турш жилд хоёр удаа дөрөвдүгээр сарын 20-нд түүний төрсөн өдрөөр, 10 дугаар сарын 2 буюу амиа алдсан өдөр хөшөөнд цэцэг өргөдөг “уламжлалтай”. Өөрөөр хэлбэл, хөшөөнд цэцэг өргөхөөс өөрөөр С.Зоригийн хэрэгт ахиц гараагүй ээ гэсэн үг. Тэгвэл энэ 17 жилийн хугацаанд “Зоригийн хэргийг илрүүлнэ” гэдэг нь уриа лоозон, сонгуулийн амлалт болж хувирсан гэхэд болно. 

 Ард түмэн энэ хэргийг илэрнэ хэмээн итгэж зарим нөхдийг УИХ-ын гишүүн болгосон ч удаатай. Парламентын сонгуульд Ардчилсан нам ялах бүрт С.Зоригийн хэрэг илрэх нь гэж чих тавьдаг нь ч нууц биш. Гэтэл энэ хэрэг илрээгүй л байна. Өнөөдөр мөн л мөн л хэсэг нөхөд түүний хөшөөнд цэцэг өргөж, нөгөөх л хэлдэг үгээ хэлцгээх нь тодорхой. Ер нь энэ хэрэгт чих тавьж байгаа нь ард түмэн л болохоос албан тушаалтнууд биш гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч сүүлийн үед олон нийтийн дунд С.Зоригийн төрсөн дүү С.Оюун ахынхаа нэрээр улс төрд орж, УИХ-ын гишүүний суудалд парламент дамнан суусан ч ахынхаа хэргийг илрүүлэхэд санаа тавьсангүй гэх шүүмжлэл ч гараад байгаа юм. 

Ийнхүү ардчиллын алтан хараацайнуудын нэг амиа алдаад 17 дахь намартайгаа золгож байна. Тэгвэл энэ 17-н жилийн хугацаанд цагдаа, тагнуулынхан яаж ажиллав, хэргийг саармагжуулах гаднын нөлөө орсон уу, орсон бол хаанахын хэн бэ. Гэрчийг дуугарч чадахгүй болтол дарамталсан юм биш байгаа. Хэрэг бүрдүүлэлт зөв явагдсан уу гэх мэт асуултууд эзэнгүй хэвээр л байна. Уг нь тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга  байсан Н.Ганболд нар л  хариулах учиртай. 
Хэргийн тухайд нэхэн сануулахад,  1999 оны дөрөвдүгээр сард Хууль зүйн сайд Л.Цог  “Сэжиглэж тогтоосон хүн байгаа” гэсэн  бол мөн оны  есдүгээр сарын 20-нд Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа  Д.Мөрөн  “С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэг илрэх итгэл төрж байна. Одоогоор шалгаж буй ажлыг хэлмээргүй байна. Ямар ч гэсэн олно гэсэн найдлага төрж байгаа” хэмээн  мэдэгдэж байсан аж. Гэвч хэрэг илрээгүйгээр барахгүй “Хэргийг илрүүлнэ”  хэмээн амлаж  2000 оны сонгуулиар  УИХ-ын гишүүн болж байсан Д.Мөрөн өнөөг хүртэл таг чиг. Уг нь тэр өдийд үгээ хэлэх цаг болсон л баймаар. Тэгвэл тухайн үед Нийслэлийн цагдаагийн газрын дарга  байсан Н.Ганболд С.Зориг агсны амь  насыг хөнөөсөн хэрэгт  ажиллаж байсан хүмүүсийн нэг.  Гэтэл дээрх хоёр хүн хэргийн талаар яриагүй л байна. 

С.Зориг агсан “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн байдаг. Тэгвэл өдгөө түүний хэлсэн үг үнэ цэнээ алдсан бололтой. Ямартай ч саруул ухаант хүмүүн бүү хэл хууль, шүүх, улс төрийн байгууллага, нам нь ч түүний хэргийг илрүүлээгүй л байна. Энэ хэрэг илрэхгүй байгаагийн цаана ямар нэгэн том ашиг сонирхол байна уу. Тэгвэл тэр нь юу байж болох уу, улс төрийн захиалгат аллага уу? Эдгээр асуултууд 17 дахь намраа асуугдаж байгаа ч өнөөг хүртэл хариултгүй хэвээр л байна. 

Г.НАРАН