10.02

Онол практикийн бага хурал, нээлттэй хаалганы өдөрлөг хийжээ

Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жил, Говь-Алтай аймгийн Прокурорын Газар үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн баярын хүрээнд аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах нийгэм, эдийн засаг, эрх зүйн арга хэмжээ, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, хуулийн байгууллага болон төр захиргааны байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мэдээллээр хангах, иргэд олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг иргэдэд мэдээлэх, сурталчлах зорилгоор 2015 оны 09 дүгээр сарын    22-ны өдөр “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ АЙМАГ ОРОН НУТГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. 

Онол практикийн бага хуралд Сум дундын эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүх, аймгийн прокурорын газар, цагдаагийн газар, ШШГА, Тагнуулын газар  Шүүхийн шинжилгээний алба, Тахарын албаны хэсэг, Онцгой байдлын газар зэрэг   14 байгууллагын алба хаагчид оролцож 1 дүгээр байранд Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Сарантуяа, 2 дугаар байранд Шүүхийн шинжилгээний албаны шинжээч ахлах дэслэгч З.Насан-Өлзий, 3 дугаар байранд Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч хошууч Д.Болормаа нарын илтгэл тус тус шалгарч аймгийн прокурорын газрын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна. 

Аймгийн прокурорын газраас онол, практикийн бага хуралд тавигдсан илтгэлүүдийг эмхтгэн гаргахаар шийдвэрлэлээ. 

Мөн өдөр Аймгийн прокурорын газраас тус аймгийн хууль хяналт, төр захиргааны байгууллагуудтай хамтран нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж Монгол Улсын Прокурорын байгууллага байгуулагдсаны 85 жил, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 75 жилийн ойн хүрээнд үйл ажиллагаагаа Төр захиргааны байгууллагууд болон олон нийт иргэдэд сурталчилж тэдгээрийн санал бодлыг сонсон ажиллаж байна.