НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы хуралдаанд оролцож буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Канадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа болон франкофоны асуудал эрхэлсэн сайд Кристиан Парадитай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг тэмдэглээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд харж, зөвхөн уул уурхайгаар хязгаарлалгүй бусад салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр цааш нь хэлэхдээ хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол, Канадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах ажил төгсгөлийн шатандаа орсон хэмээгээд Канадын сайдтай хэлэлцээрт гарын үсэг зурах асуудлаар санал солилцов.
Ж.Өөдлөн