Нийслэлийн ИТХ-аар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 22-ын товчооны урд баригдаж буй Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалт болох дөрвөн блокын 6375 автомашины зогсоолыг барьж байгуулан, Улсын комисст хүлээлгэн өгчээ.
Улмаар авто худалдааны цогцолборын нээлт энэ сарын 4-нд болох бөгөөд нээлтийн долоо хоногийн турш Ботаник, Долоон буудал, Яармаг, Чингисийн талбай зэрэг зургаан цэгээс Авто худалдааны цогцолбор руу нийтийн тээврийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
Тус цогцолборт төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж автомашины худалдаа эрхлэгчид болон үйлчлүүлэгчдэд зориулан автомашинтай холбоотой бүх төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилгоор татвар, даатгал, оношлогоо, дугаарын үйлдвэр,банк, нотариат, цайны газар, ариун цэврийн өрөө, автомашины угаалга, засвар зэрэг зайлшгүй хэрэгцээт бүхий л үйлчилгээний газрууд ажиллахад бэлэн болжээ. Одоогийн байдлаар 400 гаруй иргэн 1200 орчим машины зогсоолыг худалдан авсан байна.
Машины зогсоол нэг бүр нь дөрвөн сая төгрөгийн үнээр худалдаалагдаж буй бөгөөд энэ нь Да хүрээ зэрэг машины захуудын талбайн гурван жилийн түрээсийн төлбөртэй тэнцэх аж. Ингэснээр авто худалдаа эрхлэгчид гурван жил эрүүл ахуйн шаардлага хангаагүй талбайг түрээслэх мөнгөөрөө өөрийн гэсэн машины зогсоолтой болох боломжтой юм.
Цогцолборын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 4-ний 12.00 цагт болох бөгөөд энэ үеэр урлагийн тоглолт, автомашины хямдралтай худалдаа, хонжворт сугалаа, арилжааны банкуудын хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ, жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалын хямдрал зэрэг хөнгөлөлттэй үйлчилгээнүүдээр ирсэн зочдод бэлэг барих юм байна.
Б.Даваа