10.05

“Хан-Уулын прокурор – 50 жил” сэдэвт хамтарсан зөвлөгөөн хийлээ

Хан-Уул дүүргийн Прокурорын газар үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тус Прокурорын газрын хамт олон түүхт ойгоо ажлын амжилтаар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж, “Хан-Уулын прокурор – 50 жил” сэдэвт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих хяналтын ажлыг чанаржуулах, удааширч байгаа, холбогдогч нар нь цагдан хоригдож байгаа эрүүгийн хэргүүдийг эцэслэн шийдвэрлэх зорилготой аяныг 2 сарын хугацаатай зохион байгуулахаар болжээ. 

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 2-ны өдөр уг аяны нээлтийг хийж, тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэхээр “Хан-Уулын прокурор-50 жил” хамтарсан зөвлөгөөнөө хийсэн байна. Цагдаагийн хоёр хэлтсийн удирдлагууд, эрүүгийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар болон прокурорууд зэрэг 70 гаруй хүн оролцсон уг зөвлөгөөнөөр дүүргийн нутаг дэвсгэрийн эрүүгийн нөхцөл байдлаа  дүгнэн ярилцаж, аяны явцад хэрхэн ажиллах, удирдлагын зүгээс юунд анхаарах, хамтын ажиллагаагаа хэрхэн бэхжүүлэх талаар нэг бүрчлэн хэлэлцжээ. Уг аяны дүнгээ ажлын амжилт гаргасан 2 прокурор, 4 мөрдөн байцаагчийг шалгаруулан, Цагдаагийн Ерөнхий газрын харьяа “Сүүж-Уул” амралтанд 3 хоног гэр бүлийнх нь хамт үнэ төлбөргүй амраахаар шийдвэрлээд байна.