03.19

Тасалбараа нэг саяар үнэлсэн “Никитон”-ыхон өөрсдийгөө өмөөрөв

Өчигдөр “Никитон” хамтлагийнхан “Үүлэн үст” нэртэй тоглолтоо хийсэн билээ. “Crocus” Event Hall-д  болсон тоглолтын тасалбар нэг сая болон 100 мянгаар үнэлсэн ч фэнүүд нь битүү үзэцгээсэн аж. Тоглолтын өмнө “Никитон үзэх гээд цалингийн зээл хөөцөлдөж байна” гэх онигоо хүртэл гараад авсныг бодоход тоглолтын тасалбар арай үнэтэй байсан байж болох. Гэсэн хэдий ч үнэнч фэнүүд нь “Үүлэн үст”-ийг үзэхээр цугласан ч тоглот цагтаа эхлэлгүй багагүй бухимдуулаад авчээ. Энэ талаар нэгэн жиргээч “Үзэгчдээ үл хүндэтгэж 2.5 цаг хүлээлгэсэн балиар гарууд #Никитон” хэмээн жиргэсэн. Монголд ямар нэгэн тоглолт цагтаа эхэлдэггүй ч хоёр цаг гаран хүлээлгэнэ гэдэг байж боломгүй. Тэгвэл хамтлагийн ахлагч Б.Батчулуун дээрх жиргээний хариуд “Хэн чамайг 6аад оч гэсэн юм бэ? Нэг л их бусдыг гутаан доромжлох гэсэн хүмүүс! Юу ч үл чадагч нар бусдын улыг шагайдаг” “Билетээ ядаж хар! 5.30 гэж байна уу? 19 гэж байна уу?” хэмээн бухимдсан үгс шидэлсэн байна. Ямартай ч тасалбараа нэг саяар үнэлсэн тэд тоглолт цагаасаа хоцорсныг огт тоогоогүйгээр барахгүй өөрсдийгөө өмөөрсөн байна.

П.ТУУЛ