10.06

Багануур хотын захирагчийн сонгууль энэ сарын 18-нд болно

Багануур дүүргээ хот болгох Багануурчуудын олон жилийн хүсэл мөрөөдөл 2014 оны 11-р сарын 19-ны өдөр  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дүүрэгт хүрэлцэн ирж хотын дүрмийг танилцууласнаар эхэлсэн. Тэгвэл тун удахгүй Багануурчууд бид хотынхоо захирагчийг сонгох гэж байна. 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас 156 дугаар тогтоол гарган Багануур хотын захирагчийн сонгуулийг 10 дугаар сарын 18-нд явуулахаар товлоод байсан. Энэ дагуу  9 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд нэр дэвшигчдийг дүүргийн сонгуулийн нэгдсэн хороо бүртгэж 10 дугаар сарын 1-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа. Бүртгүүлсэн хүмүүсийг танилцуулбал “Багануур энерги” ХХК-ий захирал Н.Тавинбэх, 2013 оноос эхлэн Өмч газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Ш.Отгонбаяр, 2013-2014 онд Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Д.Цогбаяр, 2012 оны орон нутгийн сонгуульд 1 дүгээр хороонд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан Р.Ганбаатар нар байна. Сонгуулийн нэгдсэн хорооноос нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж хууль журам, ёс зүйд нийцүүлэн шударгаар өрсөлдөхийг хүслээ. Ийнхүү нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа юм.