УИХ-ын гишүүн М.Зоригт Зам тээврийн сайдаар томилогдоод удаагүй байна. Тэгвэл “зурагчин сайд” гэх тодотголтой эрхэм ажлаа халаа, сэлгээгээр эхлэх нь гэсэн хардлага түгээд байна. Энэ ч учиртай. Тодруулбал, Зам тээврийн сайдын зөвлөлийн хурал өчигдөр болоход Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдавааг үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэн, ажлаас чөлөөлөх болно гэдэг сануулгыг өгсөн байна. Ингэснээр Г.Нямдаваа ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдээлэл гарч эхэлсэн. Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Г.Нямдаваа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй, ажлаа хийж байна гэсэн албан ёсны мэдээллийг Иргэний нисэхийн ерөнхий газраас өгөв.
Уг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг томилох болон чөлөөлөх асуудал нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж шийдвэрлэгддэг. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар асуудал ороогүй аж. Тэгэхээр шинэхэн сайд агентлагийн даргаа халах тухай сануулсан нь Засгийн газрын ээлжит хуралдаанд энэ асуудлыг хөндөж тавина гэсэн анхааруулга байж болох талтай. Ийнхүү Г.Нямдавааг чөлөөлөх тухай яригдаж, тус газарт дарга тогтдоггүй гэх яриа ч гараад амжив. Учир нь тус газрын экс удирдлагууд хэрэгт холбогдон ял сонссон байдаг.
Тэгвэл М.Зоригт сайд ганц Г.Нямдаваатай албан тушаалаас буулгах тухай яриагүй. Түүний хувьд албан томилгоо ч хийгээд амжсан юм. Тодруулбал, тэрбээр өмнө нь МИАТ-ийн захирлаар ажиллаж байгаад хувьдаа мөнгө завшсан хэргээр ял сонссон Ц.Орхоныг буцаан нисэхийн салбарт нь томилсон. Энэ тухайгаа тэрбээр “Ц.Орхон гэдэг залууг авч ажиллуулах эсэх талаар ярилцлахад хүмүүс болохгүй гэж байсан. Гэтэл би ажилд нь томилчихсон л байна шүү дээ. Үнэн хэрэгтээ Ц.Орхон мөнгө завшиж, авлига авсан хүн биш. Харин тийм үйлдэл хийж байхыг анзаараагүй. Тэгээд үүнийхээ төлөө ял эдэлсэн хүн. Үүгээрээ олныг хамарсан санал асуулга явуулж, шийдвэр гаргах нь чухал гэдгийг харуулахыг хүссэн. Яагаад гэвэл хүнийг алдсан гэж түлхэхээс илүүтэйгээр мэдсэн, сурсныг нь Монголын төр дайчилж ашиглах хэрэгтэй. Иргэний агаарын тээвэрт томоохон хоёр зорилт тавьсан. Үүнийг хийж гүйцэтгэхийн тулд би ганцаараа чадахгүй. Тэгэхээр чадварлаг мэдлэгтэй, туршлагатай хамт олонтой баг бүрдүүлэх учиртай” гэсэн байдаг.
Хэргийн тухайд, “Дайны эрсдэлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу МИАТ их хэмжээний мөнгийг гуйвуулж, мөнгө завшиж, угаасан хэргээр тус компанийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, дэд захирал асан Ч.Хоролсүрэн, “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс тус бүр 11-14 жилийн ял оноосон ч Улсын дээд шүүхээс тэдний ялыг 7-8 жил болгон бууруулсан байдаг билээ. Эдгээр хүмүүс 2007-2009 оны хугацаанд 9.1 тэрбум төгрөгийг "Дайны эрсдэлийн сан" нэрээр идсэн нь шүүхээр тогтоогдсон юм. Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд уг томилгоог эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, "Зоригт сайд аа Орхон болон бусад шийтгүүлсэн нөхдөд нисэхийн салбарын хаалга хаагдсан" гэж сануулж байсан билээ.
Гэсэн ч сайд спикерийн сануулгыг авч хэлэлцээгүй. Тэгэхээр Г.Нямдавааг огцруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахад гайхах зүйл үгүй биз ээ.
Г.НАРАН