“МИАТ” компанийн Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан замд нь буюу Новосибирсткт буулгаж, хоёр цаг гаруй саатуулсан гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл энэ талаар МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан “Ер нь “МИАТ”-ийн онгоц Москва, Берлиний чиглэлд нисэхдээ замдаа Новасибирск эсвэл Люксембургт техникийн буулт хийх тохиолдол бий. Ингэх явцдаа тодорхой нэмэгдэл орлого ч олдог. Саяын нислэгийн тухайд байдаг л нэг бизнесийн хэлбэр” гэх тайлбарыг өгсөн байна.
Дээрх нислэгийн тухайд, өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр нийслэлийн Засаг даргын тамгын газраас 30 хүнийг ОХУ-ын Новосибирскт буулгах хүсэлтийг МИАТ-д ирүүлсэн байна. Учир нь өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 3-ны өдөр тус хотод Улаанбаатар хотын эдийн засаг, соёлын өдрийн арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд нийслэлээс 30 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор төлөвлөсөн байсан аж. Үүний дагуу “МИАТ” ОХУ-ын холбогдох байгууллагад хандаж бүх зөвшөөрөл, төлөвлөгөөгөө гаргаад, онгоцыг тэнд 45-60 минут л зогсоохоор болж, өнгөрсөн бямба гарагийн 09.16 цагт Улаанбаатар хотоос хөөрч, ОХУ-ын Новосибирск хотод 12.29 цагт буулт хийжээ. Үүнээс хойш хоёр цаг гаруйн дараа Европын нислэг буюу Берлин рүү МИАТ-ийн ON135 нислэг шууд хийгдсэн бөгөөд энэ нислэгт ХБНГУ-ын хоёр хот руу явах зургаан зорчигч байсан байна. Эдгээр зорчигчдод нийт 1128 еврогийн нөхөн төлбөрийг МИАТ-ээс өгсөн гэнэ. Тэгэхээр ИТХ-ын тэргүүлэгч онгоцыг дур мэдэн саатуулаагүй бололтой.