10.08

Уурын зуухаар халаалтаа шийддэг газруудыг шалгалаа

Хүйтний улирал эхэлж байгаатай зэрэгцэн агаарын бохирдлын асуудал нэн тэргүүнд яригддаг. Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг дарга Д.Оросоо тэргүүтэй ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэр дэх  100 квт-аас дээш хүчин чадалтай уурын зуух ашигладаг байгууллага аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. 
Баянгол дүүргийн хэмжээнд 100 квт-аас дээш хүчин чадалтай уурын зуух тав байдаг юм байна. Энэ онд ийм уурын зуухаар халдаг байсан 113-р сургуулийг төвлөрсөн дулаанд холбож ажилласан. Дүүргийн 11, 13 дугаар хороонд байрладаг “Волтон” ХХК, “Асгат сервис”ХХК, “Баянгол тохижилт” ХХК, Сэтгэмж цогцолбор сургууль Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын уурын зууханд өнөөдөр дүүргийн онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, дэд бүтэц тохижилтын хэлтэс зэрэг холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг нэгдсэн шалгалт явууллаа. Иргэдээс ирсэн гомдол саналын дагуу эдгээр аж ахуйн нэгжүүдэд өмнө нь удаа дараа шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгаж ажиллах талаар албан бичгүүдийг хүргүүлж байсан боловч өнөөдрийн шалгалтаар стандартын бусаар үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тогтоогдсон юм. 
Шалгалтаар хаягдал үнс нурмаа ил задгай хаядаг, нүүрсний тусгай агуулах савгүй, сорьцын цэггүй, яндангийн өндөр стандартын бус хэт намхан, утаа шүүгчгүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Ажлын хэсэг зөрчлийг газар дээр нь шалгаж, заасан хугацаанд арилгаж, стандарт шаардлагыг хангаж ажиллахыг үүрэг болгосон юм. Нэгэнт л уурын зуухаар халаалтаа шийдэж, нүүрс түлж байгаа бол агаар бохирдуулах нь ойлгомжтой. Гэхдээ тогтсон стандартын дагуу ажиллавал агаар бохирдуулалтын хэмжээ төдий чинээ бага байна. Дүүргийн зүгээс эдгээр байгууллагуудыг төвийн шугамтай холбох асуудлыг аль болох холбогдох газруудад нь санал тавьж ажиллаж байгаа. Гэхдээ асуудал шийдэгдтэл стандарт шаардлагын дагуу ажиллахыг манай зүгээс шаардаж, удаа дараа шалгалт хийж, зөрчлөө арилгаагүй тохиолдолд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна хэмээн дүүргийн Засаг дарга Д.Оросоо тодотгосон юм.