10.08

Хөлс хөдөлмөрөө салхинд хийсгэхээ больё

Төсвийнхөө “цоорхой”-г нөхөж, төр хэмээх эзэн биегүй жинхэнэ нэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар ядарсан олондоо янз бүрийн татвар шимтгэл үүрүүлж, томчуудын цалин хөлсийг хасаад мөн ч үйлээ үзэж байна даа, манайхан. Үрэлгэн зардлыг багасгана энэ тэр гээд бөөн л юм болж байна. Гэтэл цаана чинь үнэхээр үрэлгэн гэж болох, жаахан хэтрүүлбэл жудаггүй юм хийж л байдаг бололтой. Саяхан зурагт үзэж суутал Өмнөговь аймагт 20 гаруй үлэг гүрвэлийн хөшөө босгож, дуусах шатандаа орж байна гэж мэдээлж байна аа. Гайхлаа. Юу яасан үлэг гүрвэлийн хөшөө. Монголчууд бид чинь дэлхийн археологийн сан хөмрөгт бүртгэгдсэн олон арван яс, олдвороор гайхагдсан ард түмэн биз дээ. Зарим улс орны аянчин гийчин, аялагчид “амьд”-аар нь үзсэнээс ялгаагүй арвин баялаг үзмэртэй бид цемент, шохойшоор хийсэн хиймэл амьтдаар яах юм бэ. Ядаж байхад Өмнөговийн элсэн дунд шүү. Түүнийг монголчууд өөрсдөө лав тоохгүй. Бага насны хүүхдэд л сонирхолтой байж болох тэдгээр амьтдаа “хөдөлдөг, дуугардаг” гэхчилэн рекламдаад байгаа юм аа, бас. Гэтэл “Говь-Эрдэнэс” компанийн гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа энэ хөшөөнүүдэд найман тэрбум төгрөг зарцуулж байгаа гэж төслийн удирдагч ярина лээ. Найман тэрбум шүү дээ. Яах гэж тэр их хөрөнгийг говийн элс шороонд даруулахаар, ганц ч хайлаас, заггүй тийм орчинд булуулахаар орхиж байгааг ер ойлгосонгүй. Төсөв бүрдүүлэх, хэмнэлт хийх үүднээс төрийн өндөр албан тушаалсан 200-гаад хүний гурван сарын цалинг 30 хувиар хасахад хоёр тэрбум төгрөг цуглах юм гэсэн. Түүнээс дөрөв дахин их хөрөнгөөр өмнийн говьд “хүүхдийн тоглоом” барьж байгуулж байгааг үнэхээр гайхаж байна. Түүний оронд энэ найман тэрбум төгрөгөөр дөрвөн суманд орчин үеийн сургалтын хэрэгсэл бүхий дунд сургууль ч юм уу найман суманд иж бүрэн цэцэрлэг эсвэл гурван сумын дунд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэг байгуулсан бол жинхэнэ ажил болж, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх байлаа. Хайран мөнгө, хайран ч хөдөлмөр.

Д.Мөнх