10.08

Портер машин галт тэрэгтэй мөргөлдөж, хоёр хүн амиа алдлаа

Портер машин галт тэрэгний урдуур дайрч гарах гэж яарч байгаад мөргүүлсэн осол өчигдөр гарч, хоёр хүн амиа алдаад байгаа.  Энэ хэрэг Дархан өртөөний наана, Цайдам зөрлөгийн хажууд байрлах төмөр замын 143 дугаар гарам дээр орой 20:00 цагийн үед гарсан байна.   Осол гарах үед гармын гэрлэн болон, дуут дохиолол бүгд хэвийн ажиллаж байсан ажээ.  

Ослын дараа хамгийн түрүүнд замын мастер, холбооны инженер, зүтгүүрийн машинч, орон нутгийн цагдаагийн албан хаагчид  очиж ажилласан бөгөөд хоёр улаан гэрэл ээлжлэн анивчиж, дуут дохио, хонх дуугарч байсан гэдгийг актаар баталгаажуулжээ. 

Тэгвэл энэ хэргийн талаар Улаанбаатар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан замын орлогч дарга Ч.Эрдэнэдалай “Жолооч амжаад гарчихъя гэж бодож яарснаас болж ийм эмгэнэлтэй хэрэг боллоо. Гармыг 1-4 зэрэглэлээр ангилдаг бөгөөд хот доторх хөдөлгөөн ихтэй, авто машины замтай огтлолцдог нэг, хоёрдугаар зэрэглэлийн гармуудыг хашилт, өргөгддөг хаалт, гэрлэн болон дуут дохиогоор тоноглодог.  

Харин хээр байгаа хөдөлгөөн багатай гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн гармууд дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон байдаг. Гэрлэн дохио нь галт тэрэг гарамд 800-1000 метр ойртмогц анивчиж эхэлдэг. Эдгээр дохиолол хамгаалалтуудыг ямар ч алдаа мадаггүй ажиллуулах үүргийг төмөр зам хүлээж байдаг. Ажиллуулж ч байгаа. Сүүлийн үед гарсан ослууд бүгд анхааруулах гэрлэн болон дуут дохио хэвийн ажиллаж байхад гарсан.

Төмөр замын 143 дугаар гарам нь хамгийн энгийн буюу  дөрөвдүгээр зэрэглэлийнх бөгөөд хоногт 20 орчим галт тэрэг дайран өнгөрдөг. 2015 оны эхний найман сарын байдлаар найман хүн янз бүрийн байдлаар төмөр зам дээр амиа алдсан” хэмээн ярьжээ.  

Н.Болд