10.08

Автобус компаниуд орлогоо аваагүй гэдэг нь худлаа

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн автобус компаниуд өчигдрөөс эхлэн ажил хаясан. Өнөөдөр ч гэсэн ажил хаялт үргэлжилж, нийслэлийн иргэд ажил, сургууль, албандаа явах унаагүй хэцүүдэж байгаа. Хувийн автобус компаниуд ажил хаясан шалтгаанаа нийтийн тээврийн компаниудын удирдлагууд удаан хугацааны турш орлогыг нь өгөхгүй байгаа хэмээн тайлбарлаж байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр “Улаанбаатар Смарт Карт” ХХК-иас албан ёсны мэдээлэл хийж, автобус компаниудын орлогыг цаг тухайд өгч байгаагаа баримтаар нотоллоо.  

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ний Үйл Ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ “Автобус компаниуд өнөөдөр ажил хаях болсон шалтгаанаа “Улаанбаатар Смарт Карт” ХХК хоёр сарын турш орлогыг нь өгөөгүйгээс болсон гэсэн мэдээлэл өгсөн байна лээ. Манайх төслийн ХХБ-тай түншилж ажилладаг. Бэлэн мөнгөний орлогыг тус банк автобус баазууд дээр очиж, цуглуулаад, тоолоод лацаддаг. Бид мөнгийг манай дансанд орж ирсэн даруйд нь зохих журмын дагуу хуваарилдаг. Зохих журам гэдэг нь Нийслэлээс гаргаж өгсөн цаг, минутаар хуваарилах журам.

Долоодугаар сарын 29-нд манай төсөл нээлтээ хийгээд хэрэгжиж эхэлсэн. Тэр цагаас өнөөг хүртэл нийт 21 ААН 10 тэрбум 775 сая 798 мянга 15 төгрөг олоод бид зохих журмын дагуу хуваарилалт хийсэн. Өөрөөр хэлбэл орлого орж ирсэн өдөрт нь бид ААН-д шилжүүлж байсан” хэмээн ярьсан юм. 

Мөн тэд байгууллагууд руу мөнгө шилжүүлсэн баримтаа, материалаа ч сэтгүүлчдэд үзүүлсэн. Тэгэхээр хувийн автобус компаниуд өөр сонирхлоор ажил хаясан бололтой.