10.09

Удаа дараа ажил хаялт хийсэн автобус компанийн гэрээг цуцална гэв

Зарим автобус компани энэ  сарын 7-ны өглөөнөөс эхлээд сул зогсолт хийж, иргэдийг бухимдуулсан. 

Тэгвэл удаа дараа ажил хаялт зарлаж, иргэдийг хохироож буй компаниудаас гэрээгээ цуцлах шийдвэрийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэжээ.

Өчигдөр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх ёстой 1050 автобусны 40 хүрэхгүй хувь нь үйлчилгээнд гарчээ. Харин үлдсэн автобусууд сул зогсолт нэрээр ажил тасалж иргэдийг хохироосон гэдгийг нийслэлээс мэдээллээ.

Тэгвэл удаа дараа ажил хаялт хийхээ зарладаг, гэнэт сул зогсолт хийдэг компаниудын гэрээг цуцалж дараагийн компанийг сонгон шалгаруулах болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өнөөдөр мэдээллээ.

Нийслэлийн нийтийн тээвэрт гэрээгээр 21 аж ахуйн нэгж ажилладаг бөгөөд шинээр гэрээ байгуулах хүсэлтээ илэрхийлсэн олон газар байгаа гэдгийг ч тэрээр онцолж хэлсэн юм.