Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид өнгөрсөн баасан гарагт салхинд гарч амрахаар амралтын газарт очихдоо хоорондоо маргалдаж, нэг алба хаагч амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Нэгнийхээ аминд хүрсэн гэх алба хаагчийг саатуулан, хэргийг УМБГ-т шалгаж эхлээд байгаа.
Тэгвэл ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурал өчигдөр болж, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчдад хариуцлага тооцох асуудлаар шийдвэрт хүрсэн байна. Улмаар Эрүүгийн цагдаагийн газрын албан тушаалтан болон Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийнхэнд сахилгын арга хэмжээ авчээ.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөрд Төрийн албаны тухай хуульд зааснаар цалингийн хэмжээг зургаан сар 20 хувиар бууруулах, дэд дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амгалангийн цалингийн хэмжээг гурван сараар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан байна.
Харин Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Батдэлгэрт Төрийн албаны тухай хуульд зааснаар цалингийн хэмжээг зургаан сар 20 хувиар бууруулах, мөн албан тушаалыг нь бууруулж нөөцөд шилжүүллээ. Ийн нөөцөд шилжүүлснээр Б.Батдэлгэр нь тодорхой хугацаанд ажилгүй байх аж.
Мөн тус хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Д.Батзаяад мөн дээрх хуулийг урьтал болгож цалингийн хэмжээг зургаан сар 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл оногдуулжээ. Жижүүрийн цагдаа Л.Ган-Эрдэнийг ажлаас нь халж, нэг жилийн хугацаатайгаар төрийн албанд ажиллах эрхийг нь хассан бол ахлах ахлагч Р.Батсуурийн цалингийн хувийг бууруулж, албан тушаал ажлын байрыг нь өөрчлөх шийдвэр гаргажээ.
Мөн тус хэлтсийн бичиг хэргийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Б.Өлзийбуянг бусдын амь насыг хохироосон гэмт хэрэгт сэжигтнээр шалгагдаж буй учир ажлаас нь халах шийдвэрийг гаргаад байна. Ийнхүү дээрх албан тушаалтнуудад Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авснаар асуудал дуусгавар болохгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас онцоллоо.
Ж.Өөдлөн