10.13

Бууж өгөөгүйд баярлалаа

Нэг л өглөө ажилдаа явах гээд автобусны буудал дээр очтол нийслэлчүүд тэр чигтээ бужигнаж байх нь тэр. Тэр нэг өглөө нь энэ сарын 7-ны өдөр тохиосон юм л даа. Хүмүүс гайхшаа барж, микро автобуснууд “Бурхангүй газрын бумба галзуурав” гэгч болсон шалтгаан нь  нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим аж ахуйн нэгжүүд урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэх шалтгаангүй ажил хаялт хийж,  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой.  Улаанбаатар хотын иргэд гэдэг цаг, нартай уралдаж, “дайтаж” явдаг хүмүүс. Гэтэл хөл дүүжлэх унаа нь болсон том оврын автобусныхан хэл, чимээ өгөхгүй ажил хаялт хийсэн нь гэнэтийн цохилт өгснөөс ялгаагүй байв. Автобусныхан ингэж дураараа авирлаж, гэрээгээ зөрчиж, иргэдийг хоёр өдрийн турш хохироож, микроныхныг баяжуулсан үйлдлээ “Улаанбаатар смарт карт” компаниас мөнгө өгөөгүйтэй холбон тайлбарлсан.

Гэвч тэдний увайгүй, хуурамч үйлдэл тэр дороо барагдаж, “Улаанбаатар смарт карт” ХХК нь гэрээнийхээ дагуу  нийт 10 гаруй тэрбум төгрөгийг нийслэлийн Тээврийн газарт гэрээний дагуу шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон.   Мөн  Нийслэлийн санхүү төрийн сангаас өнгөрсөн долоо хоногийн  лхагва гарагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд 8, 9 дүгээр сарын 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн гэдэг нь ч тодорхой болох нь тэр.  Тийм байхад яагаад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа нөхдүүд ажил хаяж байгаа нэрээр иргэдийг хохироов. 

Тэд яах вэ, янз бүрийн шалтаг тоочиж, ээрч, муурч байгаа. Гэхдээ цаг тухай бүртээ баримтаар няцаалт авч, эцэстээ ажилдаа орсон. Харин хоёр хоног иргэдийг хохироосон үйлдэл нь ердөө л шантааж байсан юм биш үү. Ер нь ингэж төр засгийг шантаажилж, дарамталж мөнгө авдаг нөхдүүд цөөнгүй байгаа тухай хангалттай ярьж байна, гадуур. Зөвхөн өөрсдийнх нь бизнес л урагшилж, ахиу ашиг олж байвал барав гэсэн муйхар бодолтой, мулгуу нөхдүүд олон байгаа гэдгийг ярьж байна. Тэгээд нөхдүүдийн хүслийг биелүүлж, аяыг нь дагахгүй бол элдвээр шантааж хийнэ, дарамтална, төрийн албыг харлуулах гэж оролдоно. Энэ жишээ буудайн дээр ч хангалттай илэрч гарч ирсэн. 

Одоо автобусны үйлчилгээ эрхэлж байгаа компаниудад дээрх “өвчин”-ий шинж тэмдэг илрэв бололтой. Харин энэ байдлыг газар авахуулалгүй, бууж өгөлгүй, яаралтай “вакцин” хийж чадсан хүмүүст баярласнаа илэрхийлэх гэсэн юм.  Энэ үйл явдал өрнөх үеэр хот гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, шаардлагатай санхүүжилтийг хийсэн байхад удаа дараа ийм шахалт үзүүлбэл дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн. Мөн Зам тээврийн сайд ч гэсэн энэ мэтээр дарамт үзүүлж байгаа компаниудын гэрээгээ цуцалж, хамтарч ажиллахгүй байх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна билээ. Ер нь төр ингэж л ажиллах ёстой. 

Аль болгон даварчихсан бизнес эрхлэгчдийн дарамтад орж, аяыг нь дагаж, аргалж явах ёстой гэж. Болохгүй бол гэрээгээ цуцлаад, дараагийн хүнтэй нь хамтраад ажиллах хэрэгтэй шүү дээ. Ард түмнийг хохироохгүй, ажлаа зохицуулаад, орлогоо олоод, төрөө дарамтлахгүй автобусаа явуулаад байх компани зөндөө л байгаа.  Аль болгон ингэж худлаа, үнэн юм ярьж, ажил хаяж, цалингаа нэмэхийг шаардаж, даварч байх ёстой гэж, тэд. Зөвхөн автобусныхан амьдрах гэж ядаад, бусад нь алтанд умбаад байгаа юм алга. Хэн хэнийгээ л бодох хэрэгтэй байна.

Н.Пунцагболд