10.13

Хорт хавдраар өвчлөгсөд нэмэгдэж байна гэв

Жил ирэх тусам манай улсын хорт хавдраар  өвчлөгсдийн тоо өсч байгаа талаар Хавдар судлалын үндэсний төвөөс мэдэгдлээ. Жилд 5483 хүн шинээр хавдарт өвчин тусдаг бол 3536 хүн тус өвчнөөр нас бардаг  аж. 

2005 онд 100 мянган хүн амд 133 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2014 онд 186 тохиолдол болтлоо өсчээ. Нийт хорт хавдраар өвчлөгсдийн 51 хувь нь 60-аас дээш насны хүмүүс байгаа ч 75 хувь нь хожуу үе шатандаа оношлогджээ.  2025 он гэхэд 6274 хорт хавдарын шинэ тохиолдол бүртгэгдэх тооцоололтой байгаа ч нийт хорт хавдарын 40 хувийг элэгний хорт хавдар эзэлж байгаа гэсэн тоон мэдээллийг албаны хүмүүс өглөө. 

Мөн элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдарын өвчлөл болон нас баралтаараа Монгол Улс дэлхийд тэргүүлдэг гэсэн судалгааг ХСҮТ-өөс өгсөн юм. 

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар “Манай төв нь жилд дунджаар 2000 гаруй мэс засал хийдэг. Нийт таван мэс заслын тасагтай. 2014 онд цээжний хөндийн мэс заслын тасгийг нээсэн.  Элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөхний хорт хавдар нь  2005 оноос 2014 он хүртэл судалгаанаас үзэхэд нилээдгүй өсөх чиг хандлагатай байна. 

Мөн эрчүүд уушигны хорт хавдраар өвчлөх нь нэмэгдэж байна. Хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг үүнээс гадна агаарын бохирдлоос болж уушигны хорт хавдар тусах тохиолдол бас бүртгэгдээд байгаа” хэмээлээ. 

Х.Нямбаатар