Манайхан дэлхийн жишиг гэж ярих их дуртай. Уул уурхайн салбарт дэлхийн жишгийг нэвтрүүлж ажиллаж байна. Дэлхийн жишгээр бол ийм байдаг юм гэж ирээд л дуурайхыг яана. Гэхдээ тэр дэлхийн жишиг гэдэг нь бөмбөрцөг дээр байгаа 210 гаруй орны нийтээрээ дагаж, мөрдөж байгаа жишиг юм уу, эсвэл аль нэг орны жишээ юм уу гэдэг нь ойлгомжтой биш. Ер нь л 3-4 орны л жишээ байх шиг байгаа юм. Олон зүйлээс харахад шүү дээ. Тэр ч битгий хэл ганц орны жишээг хуулчихаад, түүнийгээ дэлхийн жишиг гэж гүрийж байгаа нөхдүүд ч бий.
Тэгвэл дэлхийн нэг жишгийг манайхан огт авч, хэрэглэхгүй байна. Энэ нь хариуцлагын систем. Саяхан Италийн нийслэл Ром хотын захирагч Игназио Марино огцорчээ. Шалтгаан нь мань хүн өөрийн намын дэмжигчдийн хамт орон нутгийн ресторанд зоог барьсантай л холбоотой. Гэхдээ хоолныхоо төлбөрийг хувийнхаа бус харин албаны карт ашиглан төлсөн нь огцрох үндэслэл болсон гэж байгаа юм. Ингээд л албаны мөнгөөр хоол идсэн, түүгээр барахгүй намын нөхдөө дайлсан учраас огцрох өргөдлөө өгөхгүй юу.
Японд ийм жишиг их бий. Ганц үг хэлснийхээ төлөө огцорсон дарга, сайд, улстөрчийн жишээ олныг дурьдаж болно. Энэ бол дэлхийн жишиг. Гэтэл манай парламентынхан дэлхийн энэ жишгийг л огт ашиглахгүй байгаа юм даа. “Төсвийн мөнгөөр ордон бариулж гэнэ ээ” л гэдэг. Шалгадаг байгууллага нь шалгаад, баталдаг нь батлаад, мэдээлдэг нь мэдээлээд байхад л “Үгүй шүү, ёстой тийм юм байхгүй. Энэ байшин чинь нэг л өглөө энд босчихсон байсан. Яг л илбэ шидийн юм шиг” гэж хэлэх нь холгүй дайрна. “Тийм байгууллагын дарга өөртөө урамшуулал нэрээр тэдэн сая төгрөг өгчээ” гээд л шалгаад мэдчихсэн байгууллага нь мэдээлэл өгөөд байдаг. Юун огцрох, ажлаа хүлээлгэж өгөх.
Харин ч бүр хуулийн байгууллагатай заргалдаад, шүүх энэ тэр болоод давхичихна. Дэлхийн жишиг бол цаашаа. Манай улс төр, УИХ-ын гишүүд ч ялгаагүй. Мөнгө төгрөгтэй холбоотой хэрүүл уруулд холбогдоогүй гишүүн манайд байгаа бил үү. Тун цөөхөн дөө. Ерөөсөө л “Би буруугүй. Надад ёстой буруу байхгүй.
Наад нөхдүүд чинь худлаа ярьж байна. Миний нэр хүндэд халдлаа. Би нэр төрөө цэвэрлэж авна, шүүхэд хандана” гээд л гүрийгээд суучихна даа. Юун хоол идсэнийхээ төлөө огцрох. Улсаа хувааж идчихээд л дахин албан тушаалд хүрэх гээд дайраад байх нь тэр. Ийм л жишиг манайд байна. Уг нь Италийн, Японы жишгийг дуурайх л хэрэгтэй байна.
Н.Болд