”Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнгөрсөн есдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцууллаа. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5226 орон сууцны үнийг хамруулсан байна. Улаанбаатар хотын есдүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс 9.3 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 2.2 хувииар, өнгөрсөн оны мөн үеэс 11.1 хувиар тус тус буурчээ.
2013 оны нэгдүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна. 2014 оны арванхоёрдугаар сараас орон сууцны үнэ /өмнөх оны мөн үетэй харьцуулахад/ буурч эхэлсэн бөгөөд 2015 оны есдүгээр сарын орон сууцны үнийн жилийн бууралт нь хамгийн доод төвшиндээ буюу 11.1 хувьд хүрчээ.
Тухайлбал, Баянгол дүүргийн “Голден Парк” хотхонд 2014 оны есдүгээр сард 1 м2 дундаж үнэ 1.957.000 төгрөг байсан бол 2015 оны есдүгээр сарын байдлаар 1.729.000 төгрөг болж 11.7 хувиар буурсан байна.
Шинэ орон сууц буюу байрны гэрчилгээ нь гараагүй байрны үнийн индексийг хувьд 18.8 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 3.3 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар буурсан гэсэн үг. Шинэ байрны 1м.кв дундаж үнэ нь есдүгээр сарын байдлаар 2.047.000 төгрөг болж өмнөх сараас 1.6, өнгөрсөн оны мөн үеэс 3.0 хувиар буурсан байна. Харин хуучин орон сууц есдүгээр сарын индекс 3.7 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 1.6, өнгөрсөн оны мөн үеэс 13.4 хувиар буурчээ.
Иргэдийн хувьд хоёр өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их байгаа аж. 2000 оноос өмнөх хуучин орон сууцны үнэ нь есдүгээр сарын байдлаар 88.720.000 төгрөг болж өмнөх сараас 1.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар тус тус буурсан байна.