10.15

Алтны сахиулын цогцос голын эргээс олджээ

Өнгөрсөн амралтын өдөр тогтоол усанд осолдсон иргэнийг хайж байгаа гэх мэдээллийг онцгой байдлаас өгч байсан билээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Түнхэл” багийн Гачууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг иргэн 57 настай, эрэгтэй Г нь сураггүй алга болсон юм. 

Тодруулбал, энэ сарын 09-ны өдрийн 22:00 цагт тэрбээр гэрээсээ гарч тус уурхайн нэгдүгээр пост руу явна гээд сураггүй болсон байна. Улмаар гэртээ эргэж ирэлгүй гурав хоносон тул эрэн хайх дуудлагыг энэ сарын 13-нд онцгой байдлын газарт өгчээ. 

Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн зургаан алба хаагч, нэг автомашин, цагдаагийн найман алба хаагч, нэг автомашин, нийт 14 алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Удтал эрж хайсны эцэст Түнхэл багийн Гацуурт голын эрэг дээрээс түүний цогцсыг олсон байна. Улмаар цагдаагийн байгууллагад цогцсыг хүлээлгэж өгсөн бөгөөд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг нь шалгаж байгаа ажээ.