Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өөрийн хүү Б.Чулуудайн компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерт оролцуулсан тухай НИТХ дахь МАН-ын бүлгээс мэдэгдсэн. Улмаар хэд хэдэн үндэслэлээр түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан юм. Гэсэн хэдий ч хотын дарга Э.Бат-Үүл өөрийг нь гүтгэж байна хэмээн мэдэгдээд амжсан юм.
Тэрбээр “Манай хүү Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хувиараа бизнес эрхэлдэг. Бизнесийн үйл ажиллагаанд нь төрийн алба хашиж байгаа миний бие аль болохоор оролцохгүй байхыг хичээдэг. Ер нь оролцдоггүй. Амгалангийн 12 дугаар хороонд хэрэгжсэн дахин төлөвлөлтийн уралдаанд манай хүү оролцож шалгарсан. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд би шийдвэр гаргахад оролцдоггүй. Тус хорооны иргэдийн саналаар дахин төлөвлөлт хэрэгжүүлэх компани шалгардаг. Шалгараад ирсэн компанийг журмын дагуу албажуулдаг” гэсэн юм.
Тэгвэл Э.Бат-Үүл дарга 2013 оны тавдугаар сарын 29-ний 533 тоот захирамжаараа өөрийн хүү Б.Чулуудайн “Грандлайн” компанийг батламжилсан байгаа юм. Ийнхүү өөрийн хүүгийн компанийг батламжилсан нь ашиг сонирхлын зөрчил биш гэж үү. Тэгвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэж заасан. Энэ заалт дээрх асуудалд үйлчлэхгүй гэж үү гэх асуулт ч гарна.
Ямартай ч 2011 оны 10 дугаар сард хотын даргын хүү Чулуудай “Грандлайн” гэдэг компанийг худалдаж авсан байдаг аж. Дараа нь 2013 оны хоёрдугаар сард гэрчилгээг нь шинээр авсан байсан бөгөөд үүнээс гурван сарын дараа гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерт ялсан нь энэ юм. НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан энэ талаар “Гол нь хотын дарга ашиг сонирхлын тухай мэдүүлэгтээ энэ компанийн тухай огт дурсаагүй байдаг. Ингээд “Грандлайн” компани Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн тендерт ялж, 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй дэд бүтцийн ажил хийсэн байдаг. Анх энэ хүн гэр хорооллын иргэдээс хашааных нь газрыг тэрбум төгрөгөөр худалдан аваад дээр нь байшин барьж, буцаан оруулна гэж хачин сайхан юм ярьж байсан. Тэгсэн удалгүй тэр нь ч даший шог болж, хүүгийнх нь компаниас эхлээд “Газар чөлөөл” гээд л дайрч эхэлсэн. Сүүлдээ нэг айлын хашааны газрыг 100 сая төгрөгт тооцон хүчээр шахам авч байгаа нь газрын цэвэр луйвар шүү дээ” хэмээсэн юм.
