03.23

Аймаг, нийслэлийн дүүрэг дамжсан бүлэг хулгайн хэрэгтнүүд ял сонслоо

Э.Ганбагана, Г.Гомбодорж, Ц.Батжаргал, Э.Сүхбаатар, Б.Сүхбаатар, Б.Цогтбаатар, Г.Төгөлдөр, А.Энхсайхан, Н.Алтанбаатар, Э.Эрхэмжаргал нар нь бүлэглэн 2009 оны 09 дүгээр сараас эхлэн Дорнод аймаг, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт давтан үйлдлээр бусдын орон байранд хууль ёсоор нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Улмаар Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх  Мэргэжлийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусчээ. Ингээд тус хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх энэ сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Ганбаганад 11 жилийн хорих ял, Г.Гомбодоржид 10 жил 1 сарын хорих ял, бусад шүүгдэгч нарт 2-3 жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.

С.НАРАН