Оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зөрчихгүй байгаатай холбогдуулж Монголын оюутны холбооноос мэдээлэл хийлээ. Тэдний хувь “Боловсролын тухай хуулийн 43-ийн 43.2.5, Автотээврийн тухай хуулийн 12-ийн 12.2 дугаар заалтыг үндэслэн НИТХ-ын 6/51 дугаар тогтоолын хавсралт “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэх журам”-ыг батлан өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэтэл нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нь оюутан суралцагчдыг хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болгож дээрх хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчин нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор олон мянган оюутныг хохироолоо. Энэхүү хууль бус үйлдэл нь олон хүний эрхийг зөрчихөөс гадна ардчиллын үнэт зүйл болох хууль дээдлэх ёс, иргэний оролцоог уландаа гишгэсэн улсын баатар хүний байтугай эгэл жирийн оюутан бидний хийж боломгүй бүдүүлэг үйлдэл юм”гэв.
Түүнчлэн “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Албан тушаалтан нь хуулиа зөрчиж болдог харин ард иргэд нь үг үсэгчилэн дагадаг, дагасныхаа ч төлөө хохирдог ийм нийгмийг аль 25 жилийн өмнө орхисон гэж оюутан суралцагчид бид бүхэн ойлгодог. Хууль ёсоор бус албан тушаалаар дарангуйлан шийддэг өнгөрсөн нийгмийг өөрчлөхөд эрхэм Э.Бат-Үүл тэр үеийн оюутан суралцагчидтай хамт тэмцэж байсан бишүү. Үр дүн нь гараагүй гэж үү. Бид улс орныхоо эдийн засгийн хүндрэлийг хамгийн их ойлгож үндэсний тэтгэлгээсээ хүртэл сайн дураараа татгалзаж улсаа хөгжүүжлэх үйл хэрэгт идэвхи зүтгэлтэйгээр оролцсоор ирсэн. Найрсаг Улаанбаатарын хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаадын зочиддоо оюутан бид л үйлчилсэн. Өнгө төрхөө сайжруулах бүхий л цэвэрлэгээнд оюутан бид л идэвхтэй оролцсон. Бид шинэ зүйлийг нэхээгүй, төсвийг нэмэгдүүлэх асуудал тавиагүй. Байгаа төсөвтөө багтааж олон хүнийг хэмнэлттэйгээр, хүнд суртлын дарамтгүйгээр зорчиулах ажлыг төлөвлөгөө боловсруулан ажиллаж байсан. Оюунлаг хэсгийн төлөөлөл болохынхоо хувьд хуулиа дээдэлж холбогдох шаардлага хүсэлтүүдийг удаа дараа хүргүүлж, асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор олон сар ажиллалаа. Үр дүн гарсангүй. Улам л олон оюутан улам ихээр хохирлоо. Иймээс хууль зөрчсөн албан тушаалнуудыг огцортол тэмцэл хийхээ үүгээр мэдэгдэж байна” гэлээ.