Дөрвөн настай бяцхан охиныг зодож хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж улмаар шүүхээс 24 жилийн ял сонсоод буй Г.Маралмаа дөрөв хоногийн өмнө амаржсан байна. Одоогоор хүүхдийн хүйсийг олонд зарлаагүй бөгөөд юутай ч эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.
Эмнэлэгт эсэн мэнд амаржиж хүүхдээ гаргасан ч Г.Маралмаагийн гэхээс илүүтэй төрөөд дөрөвхөн хонож буй хүүхдэд хууль шүүхийн байгууллагынхан ихэд санаа зовж байгаа аж. Хуулиар бол давж заалдсан тохиолдолд эх хүүхэдтэйгээ хамт хорих ангийн нэг өрөөнд нэг нас хүртэл нь хамт байх эрхтэй.
Харин Г.Маралмаагийн давж заалдах шатны шүүх хурал болоогүй ялыг эцэслэн шийдээгүй учраас нялх биетэй эх хүүхэд хоёрыг 461 дүгээр ангийн хорихын хүйтэн өрөөнд хорих шийдвэр гаргахад хүрээд байгаа аж. Зэрлэг балмад авир гаргасан эхийнхээ нүглийн хамтдаа үүрэх гэж буй энэ хорвоод мэндлээд дөрөвхөн хонож буй хүүхдийн хувь заяаны асуудлыг хууль шүүхийн байгууллага, албан тушаалтнууд анхаарч үзнэ гэж найдъя. Хүүхэд ямар буруугүй.
Хэргийг эргэн сануулвал, Г.Маралмаа нь өөрийн хамтран амьдрагч Т.Цогтын охиныг байнга зодож гэмтээж байсан бөгөөд улмаар охин олон удаагийн зодуурыг даалгүй амиа алдсан билээ. Түүнд холбогдох шүүх хурал жил орчим хугацаанд үргэлжилж Г.Маралмаа, Т.Цогт нарт шүүхээс 24 жилийн хорих ял ногдуулсан юм.
Б.Тогтох