10.22

“Монгол ур чадвар”-ын шилдгүүд шагналаа гардлаа

“Хамгийн чухал зүйл бол мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгож, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн түлхүүр гэдгийг залуучууд маань ойлгосон явдал юм. Хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг эзэмшээд, өндөр ур чадвартай, тодорхой орлоготой болбол амьдралын их шуурганд залуучууд маань алзахгүй” хэмээн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Монгол ур чадвар-2015” тэмцээний сүүлийн шатанд шалгарч өрсөлдсөн залууст багаж тоног төхөөрөмж гардуулах үедээ онцлон хэлсэн юм. 

Өнгөрсөн гуравдугаар сард болсон “Монгол ур чадвар-2015” тэмцээн Дэлхийн ур чадварын 43 дахь олимпод анх удаа өрсөлдөх Монголын багийн шилдэг оролцогчдыг есөн мэргэжлээр тодруулсан. “Монгол ур чадвар”-ын өмнөх шатны тэмцээнүүдийн ялагчид шилдгийн шилдгийн  төлөө ур чадвараа сорьж ширүүн өрсөлдсөн энэ тэмцээний нэгдүгээр байрт шалгарсан нь Бразил явах эрх гардсан бол аман хүзүүдсэн хүүхдүүд тус бүрт 1,5 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгсэл худалдаж авах эрхийн бичгээр шагнуулсан. 
Залууст олгосон эрхийн бичгийн дагуу хэрэгцээтэй багаж хэрэгслийг нь худалдаж авах ажлыг Хөдөлмөрийн яам зохион байгуулж, тэдэнд хамгийн сүүлийн үеийн, мэргэжлийн ажлаа хийхэд нь нэн шаардлагатай зүйлсийг өөрсдийнх нь саналаар авч өгсөн юм. Тухайлбал, мужааны мэргэжлээр өрсөлдсөн Н.Эрдэнэмөнхөд хэрэгтэй сийлбэрийн хутганы цуглуулгыг Япон улс руу захиж авчруулсан. Тэрбээр “Дархан өргөө” политехник коллежийнхоо мужааны техникчийн хоёрдугаар дамжаанд дэвшин суралцаж байгаа бөгөөд модоор сийлбэр урлаж, нүд сэтгэл баясгасан уран бүтээл хийхэд нь тун ч хэрэгтэй багажтай болсондоо баяртай байсан. Техник технологийн дээд сургуулийн МСҮТ-ийг тогооч мэргэжлээр төгссөн Ц.Билгүүн өдгөө өндөр зэрэглэлийн “Скейтч” ресторанд мэргэжлээрээ ажиллаж байгаа. Тэр “Tescoma” брэндийн иж бүрэн гал тогооны хэрэгсэл сонгожээ. Г.Энх-Амгалан Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн нэрийн өмнөөс “Монгол ур чадвар”-т өрсөлдсөн. Тэрбээр сургуулиа төгсөөд хувиараа гоо сайхны үйлчилгээ үзүүлж өөрийн гэсэн бизнесээ эхлүүлсэн тул шагналын мөнгөөрөө хумсны будаг хатаагч, гаранд лааны тосоор бигнүүр тавих аппарат, төрөл бүрийн будаг шунх, бийр багс гээд олон зүйл авчээ. 

Архангай аймгийн “Булган” МСҮТ-ийн сурагч Б.Азжаргалыг тэмцээний үед л үсчний том салонууд ажилд уриад эхэлсэн. Тэднээс “Матрикс”-ыг сонгосон Б.Азжаргал үсний сэнс, индүү, хайч гээд үсчин хүнд зайлшгүй хэрэгцээтэй олон зүйлийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас гардан авлаа. Гагнуурын М.Доржсүрэн Монгол-Германы МСҮТ-өө төгсөөд шинээр баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны буудлын төсөлд мэргэжлээрээ ажиллаж байгаа гэнэ. Нэг хэсэгт ажиллаж буй гагнуурчдаасаа насаар хамгийн залуу нь ч ур чадвараар гологдохгүй байгааг багш нар нь  магтаж байв. 
Харин токарийн мэргэжлээр “Монгол ур чадвар”-ын сүүлчийн шатны хүчтэй өрсөлдөгч байсан Ү.Цэнгэл мэргэжлээ ахиулан сурахаар Технологийн дээд сургуульд оржээ. 
Барилгын политехник коллежийн төгсөгч Д.Доржжигжид өдгөө барилгын “Дико” компанид ахлахаар ажиллаж байгаа гэнэ. 
Энэ удаа өрөг угсрагчийн Б.Нямтулга, цахилгааны Б.Баянбаатар нар ирж амжсангүй. Тэд хоёулаа Дорнодынх. Б.Нямтулга МСҮТ-өө төгсөөд аймагтаа хувиараа ажиллаж байгаа бол Б.Баянбаатар өөрийнхөө төгссөн Дорнод аймгийн Политехник коллеждоо дадлагажигч багш болжээ. 
Залууст шагналыг нь гардуулсан Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тэдэнд амжилт хүсч хэлсэн үгэндээ “Монголын залуучууд бүгд ур чадвартай гэдгийг Бразилд болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон залуус маань харуулж чадсан. Мөн нэг зүйлийг чухалчилж хэлэхэд мэргэжлийн багш нарын ур чадвар өндөр төвшинд байна гэдгийг хэлмээр байна. Би Хөдөлмөрийн сайдынхаа хувьд гадаад, дотоодын тэмцээнүүдэд амжилттай оролцсон залуучуудаараа бахархаж байна. Цаашид улс эх орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин болж, сайн ажиллаарай” хэмээсэн. Мөн тэрбээр яамны зүгээс мэргэжлийн боловсрол олгох байгууллагуудыг дэмжих, материаллаг баазыг нь бэхжүүлэхэд анхаарч төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа гэдгийг ч дуулгасан юм. 
Хөдөлмөрийн сайдаас өөрсөндөө хэрэгтэй багаж хэрэгслийг гардаж авсан хүүхдүүд яамны удирдлагууд болон багш нартаа баярласнаа илэрхийлж байлаа. Тэдний нэг Ц.Билгүүн “Хийсэн ажил, сурсан мэдсэнийг минь үнэлж урамшуулсанд маш их баярлаж байна. Хүүхдүүдэд багаж хэрэгсэл авч өгсөн нь дараа дараагийн тэмцээнд амжилттай оролцох, мөн цаашид хичээнгүйлэн сурах эрч хүчийг бэлэглэлээ. Би эрхийн бичгээрээ тогооч хүнд хэрэгтэй 40 нэр төрлийн  хэрэгсэл авсан. Тэр дундаа тогооч хүнд хутга хамгийн чухал байдаг учраас “Tescoma” брэндийн 180 гаруй мянган төгрөгийн үнэтэй хутга авахуулсан. Цаашдаа хичээж ажиллана” хэмээсэн. Барилгын политехникийн коллежийн төгсөгч Д.Доржжигжид “Би “Дико” барилгын компанид заслын мэргэжлээрээ ахлах ажилтан болсон. Ер нь Монголд чанартай сайн багаж хэрэгсэл ховор бас үнэтэй. Ийм нөхцөлд бидэнд мэргэжлээрээ ажиллахад хамгийн ихээр хэрэг болдог багаж хэрэгслийг өгсөнд маш их баяртай байна” гэж ярилаа. Харин М.Доржсүрэн “Бидэнд мэргэжлээрээ ажиллахад хэрэгтэй зүйлсийг авч өгсөн Хөдөлмөрийн яамныханд маш их баярлалаа. Та бүхний энэ бэлэг Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөө зориулагдах болно. Би гагнуурын аппарат сонгож авсан. Энэ аппарат нь цахилгаан гагнуур болон аргон гагнуур хийдэг  хосолсон үйлдэлтэй, Герман улсад үйлдвэрлэсэн сайн аппарат” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.