Монголын туялзуур сэлэмний холбоо, Японы Аомори мужийн Имабэцү хоттой 2020 он хүртэл хамтран ажиллахаар болж, санамж бичиг байгуулжээ.
Санамж бичигт Монголын туялзуур сэлэмний холбооны дэд Ерөнхийлөгч, “Тайж” группын Ерөнхийлөгч, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Ганпүрэв, Японы Аомори мужийн Имабэцү хотын засаг дарга Ёшихарү Абэ нар гарын үсэг зурсан байна.
Санамж бичгийн хүрээнд Монголын туялзуур сэлэмний холбооны өсвөрийн 5-8 тамирчин жил бүр тус хотод хамтарсан бэлтгэл хийж, суралцах бөгөөд цаашдаа тус бүс нутаг болон Монгол Улсын бусад хамтын ажиллагаанд зохих хувь нэмрээ оруулах юм.
Монголын туялзуур сэлэмний холбоо нь 2020 он хүртэлх стратеги зорилгын хүрээнд “Токио 2020” олимпийн наадамд эрхээ авах зорилготой байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь томоохон түлхэц болж буй аж. Түүнчлэн Монголын туялзуур сэлэмний холбооны Удирдлагууд Аомори мужийн засаг дарга ноён Шинго Мимура, Японы туялзуур сэлэмний холбооны Удирдлагууд болон Япон дахь арга хэмжээг зохион байгуулсан Дэнцү группын удирдлагуудтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаа.
Зар сурталчилгаа, холбоо, мэдээллийн чиглэлээр дэлхийд тэргүүн байранд бичигдэх Дэнцү групптэй Монголын туялзуур сэлэмний холбоо нь 2020 он хүртэл хамтран ажиллахаар болсон юм.
Энэхүү арга хэмжээг Японы бүхий л томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжиллаа. Нийт 22 сонинд Монголын туялзуур сэлэмний холбооны тухай нийтлэгдэж, 2 сонины нүүрэнд гарчээ. Мөн NHK, JNN зэрэг томоохон телевизүүд сурвалжилжээ. Монголын туялзуур сэлэмний холбоо нь өнгөрсөн сард Азийн 31 орон оролцсон тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болон Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий Ассамблейг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.