Багануур дүүргийн хоёрдугаар хороонд Хятад Улсын иргэд 120 орчим тонн самар цуглуулсан байсныг “Босоо хөх монгол”-ын залуус энэ сарын 13-нд илрүүлж, дүүргийнх нь цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Түүнээс гадна тус хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдангийн ярьснаар “Архангай аймгийн Өндөр-Улаан суманд дөрвөн тэрбум төгрөгийн самар цугларчихсан байна гэх мэдээлэл ирсэн. Бидэнд яах ч эрх байхгүй. Төрийн цагдаа нь тэднийг хамгаалж байна.
Хэрвээ биднийг яваад очвол “Босоо хөх монголынхон самар дээрэмдэж байна” гээд л баривчлах биз. Түүнээс гадна бид нар баримт нотолгоотой зүйл олж авлаа гэхэд тэр хятадуудыг бид шалгах, цагдах эрх байхгүй шүү дээ. Багануур дүүргийн цагдаагийн газрын дарга нь “Тус газар ажиллаж байсан хятад иргэдийн дөрөв нь ажлын бус жуулчны визтэй байсныг Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлсэн” гэж над руу ярьсан. Жуулчны визтэй байгаад ажил хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдвол хар тамга дараад, албадан буцаах ёстой л доо. Гэхдээ үнэхээр шилжүүлсэн үү, шилжүүллээ гэхэд албадан буцаах уу гэдгийг бид мэдэхгүй шүү дээ” гэв.