10.26

“Жаст-Ойл” “Шунхлай” тэргүүтэй компаниудын 7 шатахуун түгээх станцийг хаажээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үйл ажиллагаа явуулж буй газрын бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад  гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг өнгөрсөн  сарын 14-ний өдрөөс энэ  сарын 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 170 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 1020 зөрчил илрүүлж, 126 зөрчил буюу 12.3 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар биелүүлэх албан шаардлага 138, мэдэгдэл 19, танилцуулга 21, ажиллагаа зогсоох тогтоол 7, дүгнэлт 1-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллаж байгаа ажээ. 

Шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн “Шунхлай Трейдинг” ХХК-ийн шатахуун түгээх станц 26 дугаар салбар, “Жаст-Ойл” ХХК-ийн шатахуун түгээх станц 8 дугаар салбар, “Петро Жамп” ХХК-ийн шатахуун түгээх станц 2 дугаар салбарын үйл ажиллагааг зогсоожээ. 

Мөн  “Сод Монгол групп” ХХК-ийн шатахуун түгээх станц 28, 56 дугаар салбар, “Дашваанжил” ХХК-ийн автомашиныг хийгээр цэнэглэх станц 15 дугаар салбар, “Бадрал”  ХХК-ийн шатахуун түгээх станц 1 дүгээр салбарыг  Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж, мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч ажилласан байна.        
          

Н.Болд