Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгээс Монгол туургатны боксын анхдугаар наадмыг Улаанбаатар хотноо ирэх арванхоёрдугаар сарын 12-14-нд Бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийг Монголын боксын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган ажиллаж байгаа аж.
Дэлхийн 196 орныг холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатны хүрээнд хөгжүүлж, сурталчлах нь тэмцээний зорилго юм байна. Тэмцээнд Монгол ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува улсын 18- 40 насны шилдэг боксчид олон улсын AIBA дүрмийн дагуу оролцохоор мэдүүлгээ өгч эхэлжээ. Шагналын сан нь Азийн орнуудын дунд зохиож байсан тэмцээнүүдээс өндөр бөгөөд Гранпри шагналын эзэн 750 кратын сорьцтой шилжин явах алтан цомыг гардана. Мөн нэгдүгээр байрт шалгарсан боксчин алтан медаль, өргөмжлөл, 1500 ам.доллар, хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байр хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын мөнгөн шагнал гардах ажээ.