Эдийн засгийн нөхцөл байдлаас болж орон нутагт төрийн алба хаагчдын цалинг тавьж хүчрэхгүй байдалд хүрчээ. Түүнээс гадна сургуулиудын хүүхдүүд дунд хэрэгжүүлдэг “Үдийн цай” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж чадахгүй зогсолтын байдалд хүрчээ.
Тухайлбал, Өвөрхангай аймагт багш, ажилчдын цалин, үр дүнгийн урамшуулал жилийн эцэст 928 сая төгрөгөөр тасрахаар болжээ. Мөн төсөвт байгууллагын 13 дахь сарын цалинтай холбоотойгоор “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэгүүдийн зарим зардал тусгахгүй бол эцэстээ өр болж үлдэх магадлалтай байна гэнэ. Мөн эмнэлгүүдийн хувьд тендерээр ирсэн эмүүд нь дуусаад эмийн эргэлтийн сан руугаа ороод өртэй болчихсон аж. Засаг даргын тамгын газрууд бүгд л өртэй, дээрээс нь цахилгаан, дулааных нь мөнгө дутжээ.
Ерөөсөө төсөвт байгууллагууд бүгд өрийн сүлжээнд орчихсон байдалтай байгаа гэнэ. Тиймээс энэ жилийн төсвийн тодотголоор боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргаатай холбоотой асуудлыг улсын хэмжээнд гарган ирж, шийдвэрлэх ёстой гэдгийг албаныхан хэлж байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр энэ асуудлыг ярьсны дараа Боловсролын сайд Өвөрхангай аймагт үүссэн 928 сая төгрөгийг салбарынхаа төсвөөр шийдэж болно гэдгийг хэлсэн.
Мөн олон сургууль “Үдийн цай” хөтөлбөрийг зээлээр аваад хэрэглэчихсэн, зарим нь зогсоочихсон байгаа бөгөөд энэ асуудлыг яам судалж байгаа гэнэ.