Өнгөрөгч онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн автомашины жолооч урсгал сөрж явсны улмаас 12 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх хурлаар 12 настай охиныг дайрч амь насыг нь хохироосон жолооч Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн хорих ял оногдуулсан билээ.
Харин урсгал сөрөх тушаал өгсөн гэх Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Б.Саранбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Тэгвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар энэ хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан байна. Тодруулбал, урсгал сөрж явах тушаал өгсөн даргыг мөн уг хэрэгт холбогдуулан шалгах нь зүйтэй гэж үзжээ.