Их Британийн дуучин Аделийн хөгжим сонирхогчдын дунд удаан хүлээлт үүсгэсэн шинэ уран бүтээл саяхан олны сонорт хүрч эхэлсэн билээ. Тэрбээр саяхан шинэ уран бүтээл болох “Hello” дууныхаа клипийг Youtube сайтнаа тавьж, шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан байна. Тэгвэл түүний дуу тус сайтад тавигдсан даруйдаа хамгийн олон хандалтыг авч шинэ рекорд тогтоосон тухай мэдээлэл барууны цахим сайтуудад бичигджээ.
Сонгодог баллад поп жанрын шинэ дуу “Hello” сайтад тавигдаад зөвхөн нэг цагийн хугацаа өнгөрч байхад хэдэн мянган хандалт авч, харин хоёр өдрийн хугацаанд дунджаар сая орчим хандалт авч хөгжмийн түүхэнд дахин шинэ рекордыг тогтоосон байна. Орон нутгийн цагаар өнөөдрийн байдлаар л гэхэд 105.475.094 хандалт авсан байсны зэрэгцээ 2.133.542 лайк цуглуулсан байсан юм.
“Youtube”-ын зүгээс мэдээлсэнээр энэ оны хувьд тус сайтад тавигдсан шинэ уран бүтээлүүдээс хамгийн их хандалт авсан уран бүтээлээр нэрлэгдээд байгаа гэнэ. Аделийн энэ дууны клип энэ сарын 23-нд анх сайтад тавигдсан байна.
Гэвч тавигдсанаасаа тав хоногийн дотор л “Оддын дайн” киноны дууны амжилтыг эвдэж, эдүгээ хамгийн их хандалттай дуугаар нэрлэгдэх болсон байна. Адель дөрвөн жилийн дараа “25” альбумаа гаргах гэж буй бөгөөд энэ цомгийн нээлт ирэх сарын 20-ны өдөр болох аж. Энэ цомогт багтсан дуучны нэг дуу ийн дэлхий нийтийг байлдан дагуулж байна. Дашрамд дурьдахад, Аделийн шинэ уран бүтээлийн хандалт хэдийгээр өндөр байгаа ч, Өмнөд Солонгосын дуучин PSY-ын “Ганнам Стайл” дууны 2012 онд тогтоосон амжилтыг эвдэж чадаагүй байгаа юм.
Б.Даваа