10.29

Н.Алтанхуягийн хуулийн төсөл Гацууртын ордын тогтоолын төслөөр солигдсоны учир юу вэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гараг бүр хуралдаж дараа долоо хоногт хэлэлцэх асуудлаа төлөвлөж, дарааллыг баталдаг. Тэгвэл энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан төслүүд багтсан байсан. Өөрөөр хэлбэл, чуулганы өнөөдрийн  хуралдаанаар хэлэлцэх асуудлын хоёрдугаарт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд байв. Гэсэн хэдий ч шинэчилсэн хуваарь гаргаж дээрх төслийг хассан бөгөөд оронд нь Засгийн газраас өргөн бариад удаагүй байгаа Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр оруулж, Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан байна. 

 Ийнхүү хоёр хуулийн төсөл солигдсон нь ямар нэгэн тохироо хийгдсэн гэх хардлага төрүүлж байгаа юм. Учир нь өнгөрсөн зургаадугаар сард нэгдсэн чуулганд Гацууртын ордыг оруулахад Н.Алтанхуяг нарын гишүүд эсэргүүцэн төслийг буцааж байсан удаатай. Түүнчлэн Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслүүд өнгөрсөн долоо хоногт мөн л хэлэлцэх асуудлын дарааллын нэгдүгээрт байсныг зургаадугаарт болгож хойшлуулсан. Ямартай ч дээрх хуулийн төслүүд ирэх долоо хоногт хэлэлцэгдэх бололтой. 

Н.АЗ