10.29

АТГ маргааш эрх мэдлээ алдах уу

Улсын Ерөнхий прокурорын дэргэд байсан Мөрдөн байцаах албыг АТГ-ын дэргэд шилжүүлэх шийдвэрийг УИХ гаргаснаараа төрд хүний эрхийг хэрхэн зөрчиж болдог, мөн хүссэн асуудлаараа хэн нэгний эрхийг уландаа гишгэх дэндүү том эрх мэдлийг АТГ-т өгсөн байдаг. 

Улстөрчдийн бие биенээ намнах том зэвсэг энэ хуулийн өөрчлөлтөөр бий болсон билээ. Хилс хэрэгт саатуулан шалгахдаа хууль бус мөрдөн байцаалт явуулдаг, мөн өөрсдөө хүсвэл хэрхэн хэрэг үүсгэж болдог вэ гэдгийг бүрэн утгаар нь харуулсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийн дараа УИХ-ын гишүүд сая л хэнд ямар эрх мэдэл өгсөн бэ гэдгээ өөрсдөө ойлгосон. 

Их хэлмэгдүүлэлтийн тэр цаг үеийг санагдуулам хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн удаа дараагийн үйлдлийнх нь дараа энэ алба эргээд Мөрдөн байцаах албаныхаа дэргэд байх нь зөв гэж УИХ-ын гишүүд үзсэн билээ.АТГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албыг эргүүлж Прокурорын дэргэд шилжүүлэх хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнгөрсөн зургадугаар сарын 04-нд санаачлан оруулж ирсэн. Гэсэн ч уг асуудлыг байнгын хороо дэмжээд яг хэлэлцэх гэж байхад АТГ-аас Үндэсний байдалд албан бичиг явуулснаар чуулганаар хэлэлцэх гэж байсан асуудлыг эгүүлэн татсан юм. 

Энэхүү хууль бус үйлдлийн дараа Н.Алтанхуяг гишүүн удаа дараа мэдэгдэл хийж, УИХ-ын гишүүний хууль боловсруулах эрхэд халдлаа хэмээн мэдэгдсэн. Тэгвэл нийгмийн анхааралд ороод буй энэ хуулийн хэлэлцүүлгийг баасан гарагт хэлэлцэхээр болжээ. Уул нь өнөөдрийн чуулганаар хэлэлцэх байсан ч мөн л ад үзэн хойшлуулсан гэнэ шүү. Уг хуулийн төслийг хэлэлцэж байх ёстой албыг байранд нь буцааснаар улс төрийн зорилгоор хэн нэгэнд эрүү үүсгэдэг, хүний эрхийг зөрчдөг, хилс хэрэгт гүтгэж ял оноодог зэрэг олон зөрчил алга болно гэж үзэж байгаа юм. Мөн АТГ-ын хэмжээ хязгааргүй эрх мэдлийг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хязгаарлах нь ээ.