УИХ-ын ээлжит чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг байсан ч 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,2015 оны төсвийн тодотголыг нэн яаралтай хэлэлцэх шаардлагатай учраас уг хуулийн төслийг хэлэлцэхээр өчигдөр чуулганаа хуралдууллаа. Үдээс өмнө холбогдох байнгын хороодоо хуралдуулсан чуулганы хуралдааныг 14.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй, мөн Төсвийн байнгын хорооны хуралдаан нэлээд сунжирсан учраас 16.40 цагийн үед эхэлсэн юм.
Дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд долларын ханшийг хэдээр тусгасан, мөн үлдэж байгаа хоёр сарын хугацаанд хоёр их наяд төгрөгийг орлого хэлбэрээр төвлөрүүлж чадах уу гэсэн асуултыг хөндлөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ам.долларын ханшийг дандаа худлаа төсөвлөж оруулж ирдэг хэмээн бухимдав. Гэсэн ч УИХ-ын дарга энэ удаад илүү бодитой тусгасан. 2016 оны төсвийн төсөлд 2030 гэж тусгасан. 1300-аар төсөвлөж оруулж байсан чинь 2013 оны Сангийн сайдын үед байсан. Яасан мартахгүй ой санамжтай юм бэ. Өнгөрснийг биш ирээдүйг ярьмаар байна хэмээсэн юм. Мөн нефтийн онцгой албан татварыг нэмэгдүүлж байгаа асуудалд Ж.Энхбаяр гишүүн шүүмжлэлтэй хандсан бол УИХ-ын дарга З.Энхболд ард түмний халаасыг тэмтрэх гэхээс илүүтэй монополь тогтоосон нефть импортлогчидтой холбоотой асуудал хэмээн тайлбар хийлээ. Л.Энх-Амгалан гишүүн үлдэж байгаа хоёр сарын хугацаанд хоёр их наядаар төсвийн орлогыг бүрдүүлж чадах уу. Нэг сард нь нэг их наядыг төвлөрүүлнэ, чадах уу. Гааль, татвар хоёрт орлого бүрдүүлэх даалгавар өгөгдөөд энэ нь эргээд аж ахуйн нэгжүүд дээрээ дарамт үүсгэх юм болох юм биш биз. 2015 оны төсвийн тодотголыг хийхдээ зардлыг 7.2 их наяд төгрөгөөр баталж өгөх нь. Гүйцэтгэл нь одоо хэд байна вэ, хэдийг санхүүжүүлсэн байна вэ. Орлогоо бүрдүүлж чадахгүй бол зардлаа санхүүжүүлж чадахгүй, дараа нь алдагдлаа Засгийн газрын бонд гаргаж санхүүжүүлэх болно. Эргээд Засгийн газрын дотоодын өр нэмэгдэх эрсдэлтэй. Энийгээ хэр зөв тооцоолсон бэ гэсэн асуулт асуув.
Гишүүний асуултад Сангийн сайд Б.Болор “Бид төсвийн тодотголыг анх өргөн барихдаа есдүгээр сарын сүүлийн мэдээлэлд үндэслэж гаргасан. Сүүлийн гурван сарын хугацаанд орлого орж ирдэг жишиг бий. Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан нэг сарын хугацаанд татварын орлогын биелэлт сайн явж байгаа. Зарлагын хувьд таван их наяд орчим төгрөгийн зарлага гаргасан байна. Орлогын хувьд жил бүрийн сүүлийн гурван сард 40-өөд хувь орж ирдэг. Арван сард орлого төвлөрч байна, зургаан их наяд төгрөгийн орлого олчихно гэсэн тооцоолол байгаа учраас оруулж ирсэн. Хөрөнгө оруулалтын ажил хийгдээд явж байна. Гүйцэтгэлээрээ 50 гаруй хувьтай. Санхүүжилт явж байна. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 орчим хувьтай байна” гэсэн хариулт өглөө. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт Оюутолгойгоос орж ирвэл ам.долларын ханш буурна гэж байгааг төсөвт тусгасан эсэхийг тодруулсан бөгөөд үүнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудалтай холбоотой зүйл асуу. Наадах чинь төсвийн хүрээний мэдэгдэлд хамаагүй гэсэн хариулт өгсөн юм. Нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх асуудлаар улс төр хийж байгаад УИХ-ын гишүүн О.Содбилэг бухимдаж ОАТ-ыг нэмэгдүүлэхэд үнэ өсөхгүй гэдэг чинь буруу, бас нефть импортлогчид галзуу ашиг олоод байна гэдэг чинь буруу. Б.Болор сайд ч НИК компанид ажиллаж байсан, мэдэх учиртай. Бизнесийг мохоох юм ярих хэрэггүй ш дээ. Шатахууны үнэ өсөх юм бол иргэдийн нуруун дээр л ачаалал ирнэ хэмээн бухимдсан бол З.Энхболд дарга О.Содбилэг гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй бол санал хураалтад оролцож болохгүй хэмээн санууллаа.
Ийнхүү асуулт хариулт үргэлжилсээр 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн дэмжлээ. Хуралдаанаар үргэлжлүүлэн 2015 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн зарим агентлагийг нэгтгэх, дэд сайд нарын орон тоог байхгүй болгох зэрэг асуудлыг тусгасан хуулийн төслүүдийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн бөгөөд Засгийн газар Бүтэц бүрэлдэхүүний хуульдаа оруулсан нэмэлт өөрчлөлтөө эгүүлэн татсан учраас дэд сайд нарын асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн асуудал маргаан дагуулав. Гэсэн ч хуулийн төслүүдэд дэд сайд нарыг хасаад тусгачихсан учраас хэлэлцэхээс өөр аргагүй гэсэн тайлбарыг өгч байв. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хуулийг нь буцаасан бол Засгийн газрынхаа төслөөс дэд сайд гэдэг юмыг авч байж, шийдэх ёстой. Б.Чойжилсүрэн, Д.Ганхуяг нараа та нар яг юу хийгээд байна вэ. Будилсан юмнууд. Ардчилсан намд Ганхуягаас өөр гишүүн байдаггүй юм уу. Уул уурхайн асуудлаар ажлын хэсэг байгуулахад Ганхуяг, төсвөөр ажлын хэсэг байгуулахад мөн л Ганхуяг. Юм асуухаар ойлгомжгүй юм яриад үнэндээ хэцүү байна. Хуулийн заалтаас нь дэд сайд гэдэг юм аа хасч, яв. Гишүүд санаачлага гаргах байдлаар явбал замбараагүй байдал бий болно. Гончигдорж гишүүн зөв асууж байна, жич шийдүүл” гэв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Бид төслөө татаж аваад санаачлаад оруулаад ирье гэсэн. Гэхдээ УИХ-ын Тамгын газартай яриад болно гэсэн учраас энэ зарчмыг барьсан. Бидэнд төсөл нь бэлэн байгаа. Гэхдээ дэгийн хуулиараа зохицуулбал хурдан гэсэн. Өргөн барина гээд асуудал сунжрах учраас энүүгээрээ явъя гэсэн” гэх хариулт өглөө. Харин УИХ-ын Тамгын газраас “2015 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төсөлд дэд сайдыг хасахаар явж байгаа. Хууль батлагдсан нөхцөлд зөрчилтэй болох учраас, хуулийн зөрчлийг арилгах үүднээс Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд оруулж ирсэн” гэсэн тайлбар өгснөөр уг асуудлаар санал хураалт явуулж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсон юм. Өөрөөр хэлбэл, дэд сайд нарыг 2015 оны төсвийн тодотголыг баталсан өдрөөс эхлэн байхгүй болгох юм байна. Хуралдаанаар үргэлжлүүлэн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийн нэмэлт өөрчлөлтийн талаархи АН, МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн санал дүгнэлтийг сонслоо.
Б.Тогтох